Гэгээн...
BLOGGER TEMPLATES Memes

"Нүдэнд живсэн сар" / шинэ өгүүллэг/

2012 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Болормаа

Залуу нүдээ анин дахин дахин хөмсөгөө атируулан ямар нэг зүйлийг бодол дотроосоо эрсэн мэт гараа салаавчилан хэвтэнэ.

Хөөрхөн хонхойдог хацар, хацрынхаа дээхнэ байдаг мэнгэ, дандаа л инээмсэглэж байдаг бумбагар час улаан уруул, буржгардуу бас сэв нь дарагдаагүй үс, цаашлаад жаахан майгадуу тэр нь ч хөөрхөн харагддаг хоёр нарийхан хөл, аан тийм өтгөн бас урт хар сормуус...

Glitter Girl Animated Cute

Гэхдээ хайртай түүнийхээ нэг л зүйлийг сэтгэл дотроосоо хичнээн хайлаа ч олсонгүй.

Нүдээ нээж хязгааргүй  одот огторгуйн дундаас хайж байсан зүйлээ эрэх мэт удаан ширтэн хэвтлээ.

 Гэвч тэнд бас нэг зүйл дутуу санагдахад юу гэдгийг нь олох гэж тэгтлээ оролдсонгүй, гэнэтхэн л огло харайн босож гадуур цамцаа шүүрэн тагтан дээрээсээ гүйх шахам буулаа.

2

Бодох тусам бүр бодохоос л улам ихээр хайр хүрээд жижигхэн гарыг нь атгахсан, тэгээд тэр гарынх нь ядам хуруунд нь олон хоног хадгалсан бөгжөө зүүж өгөөд миний эхнэр болооч гэж гэж сөгдөн гуйна.

Тэр дуу алдаад инээхээрээ улаа бутардаг хацраа алгаараа дарна даа.

Ингэж бодохоор  зүрх нь эгээтэй л үүрээ эвдээд нисэх гэж байгаа зулзган бүргэд үсрэн цовхчих мэт эсвэл үерлэсэн их ус эргээ балбан байх шиг булиглан цохилж, дуулан хашгирч зүрхнийхээ тушаалаар хоёр хөл нь улам хурданаар гүйнэ.

Гэр нь ойртоход   халууцаад хөлөрчихсөн ийм царайтай харагдахгүйн тулд норсон цамцаа тайлан хэсэг алхлаа.

Танилцаад бүтэн жил болж байгаа хэрнээ түүний зүг алхах бүртээ ингэж догдолдогоо хэзээ болих бол гэж бодон ганцаараа инээд алдаад  дээгүүрээ өргөст тороор тойруулсан том хүрэн хашаанд дөхөж очив.

Түүний хайрт нь хашаанаасаа гарч ирэн өндөр өсгийтэй гутлан дээр ганхах мэт алхсаар үүдэнд нь зогсож байгаа хөлсний тэргэнд ууттай юм оруулж байна. Өнөөх майгахан жаахан охин үсээ цэмбийтэл шууж унжгар ээмэг нь жаргаж байгаа нарны туяанд гялтаганан харагдах нь хэзээний намба суусан айлын эхнэр мэт.

Гэтэл тав зургаа орчим насны эрэгтэй хүүхэд "ээж ээ , ээж ээ би ч бас аавыгаа тосьё л доо" гэж дангинатал хаагдах төмөр хаалганы цаана уйлагнан орилсоор хөлсний тэрэг тоос бужигнуулан асаад хурдлан одлоо.

Тэр уг нь хайгаад байсан зүйлээ олсон юм.

Хэзээ ч түүн рүү харж байгаагүй, эгцлэн ширтээд үг хэлж байгаагүй сормуусандаа тэврүүлээд  нуугдчихсан тэр нүд.

Ганц ширхэг тамхи асаан мушгиран гарч байгаа утаанд нь гомдол шаналалаа дайх мэт уужимхан санаа алдлаа ч цээжний цаана татсан өтгөн манагн яахан дундлах билээ.

Ургаа чулуун дээр сандайлан суугаад халааснаасаа түүндээ өгөх гэж байсан нэг хувь зургаа гаргаж ирэн харав.

Үдэш бүр тагтан дээрээ зогсоод хардаг шөнийн тэнгэр шиг тас харанхуй хэрнээ нууцлаг тэр нүд зурган дээрээс хэзээ ч түүнийг ширтэж байгаагүйгээрээ цоо ширтэн байна.

Түүн рүү хэзээ ч хардаггүй тэр нүдийг л харах гэж залуу "хамтдаа ганцхан зураг авахуулья" гэж түүнийгээ залхтал нь гуйсаар хоёр өдрийн өмнө энэ зургийг авахуулжээ.

Тэр үдэш тэнгэрээс олоогүй зүйл минь сар байж, харин түүний нүднээс олоогүй тэр зүйл бол хайр.

Тэгэхээр сар хуурамч, хайр бас  түүн шиг хуурамч.

Сарны гэрэл нарных, түүний хайр ч бас хүнийх... Сар аа чи хуурамч, чи хуурамч...

Хашгирах дуунаас нь цочиж дэрсэн дундаас хэдэн бор шувуу дэрхийн ниснэ.

Хөлсөндөө норсон бие нь даарч, даарсандаа оройн жихүүн салхинд дагжин чичирч эхлэхэд цамцаа өмсөн гэрийн зүг алхлаа.

Тэнгэрт тэврүүлсэн оддын доор нөхрөө тоссон бүсгүй одоо хамтдаа харьж яваа даа, нүдэнд нь живсэн тэр сарыг хайртай тэр нь үнсэн үнсэн энхрийлж  байгаа даа...

2012-11-19

21:37

Стокгольм хот.

"Аз жаргал"-ын тухай ганц хуудас өгүүллэг

2012 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Болормаа

Ангийн багш нь  өдөр дунд  Амираг дуудууллаа.

Бараг юу гэж хэлэх байгааг нь мэдэж байсан тул дуртай дургүй хөлөө  зөөн алхсаар байнга шахуу дуудагдсаар бараг танил болсон  багш нарын өрөөний хуучин модон хаалгыг зөөлөн  тогшив.

Байн байн нүднийхээ шилийг дунд хуруугаараа эв хавгүйхэн янзлах хижээл насны багш эмэгтэй гарч ирээд Амираг дагуулан булангийн цонхны  дэргэд очлоо.

"...чи өөрийгөө нэг хараач, анги хамт олныхоо, багшынхаа, цаашлаад сургуулийнхаа бүр адаглаад өөрийнхөө нэрийг бодооч, хэзээ ч миний удирдсан ангийн хүүхдүүдээс чам шиг гэдсээ чирч байсан нь байхгүй" гэв.

Өмнөх өдөр нь багш нь сүглэгэр том моддын доор цуглаад хонхны баярын талаар хөөрөн ярилцах ангийнханых нь дунд нэг айхтар хоолойгоо зассанаа "Тэр хонхны баяр маяр яах вээ, энэ гэж нэг юм тахиа шиг өндөглөж, тарвага шиг өөхөлсөн шалхайсан шар авгай болох шинжтэй, та нар өөр өөрсдөө дор бүрнээ замбараатай байхгүй бол энүүний мөрөөр алхана шүү дээ, ямар юмных нь аз жаргалтай амьдрал, мөрөөдөхийн ч хэрэггүй" гэв. Хүүхдүүд түүн рүү өрөвдсөн, дооглосон зарим нь багш руу илт тал зассан байдалтай харахад  Амира "багшаа тэгвэл таныхаар аз жаргал гэж юу юм бэ" гээд чангаар асууж орхилоо.

Барагтай бол инээдэггүй багш түсхийтэл инээд алдаж "чи одоо энүүхэнийг мэдэхгүй байна гэж үү, чи аз жаргал гэж мэдэхгүй байгаа юм чинь, түүнийг хэзээ ч олохгүй" гэв.

Амира "үгүй ээ хүн болгоны төсөөлдөг аз жаргал өөр өөр байдаг юм аа, таны хувьд хоёр дээд сургууль төгсөж цаашдаа улам амжилттай ажиллах аз жаргал юм бол миний хувьд яг ээж шигээ хөөрхөн охинтой болох л аз жаргал".  Ингэж хэлмээр байсан боловч урьд шөнийн зүүдэнд нь ирж хэвлийг нь зөөлөн иблэсэн ээжийнхээ гарыг бодон өөрийн эрхгүй зангиран гарч байгаа нулимсаа  шороон дээр дуслуулан чимээгүй тонгойн суулаа.

Тэр доор газарт хүртэл нэг жижигхэн шоргоолж манцуйтай хүүхэд шиг том цагаан авгалдайгаа үүрээд хурдалж явна.

Animated Baby in the eye

Ээжийн ганц охин, ээж нь ч бас хүний ганц үр. Нүдэнд торох бараагүй цагаан талд бороо тосон мөчирөө сарвайж ургах ганц мод шиг  хүний тавилан ямар өрөвдмөөр байдгийг өмд гутлаа булаацалдаж өнөр өтгөн өссөн түүний багш мэдэхгүй.

Бас амира охин залуугаараа өөд болсон эхээсээ үлдсэн урт хар гэзэгийг нь  чихмэл тоглоомынхоо дотор хийж үнэр нь бараг арилсан ч тэврээд унтах бүртээ ээнэгшин  ээнэгшин санаа алддагийг ч мэдэхгүй.

Эль хульхан том байшингийн дунд гэрийн бараа хардаггүй аавыгаа хүлээж суугаад нэг л мэдэхэд ширээ дэрлээд унтчихсан байдаг түүнд хүн гэдэг хүүхэд гэдэг ямар эрхэм эрдэнэ болохыг  адын нүдээр тавлан  харж байгаа хэн бүхэн мэдэхгүй.

Маргааш өдөр нь Амира  сургуульдаа ирсэнгүй.

Гэхдээ том хүрэн самбар дээр " АЗ ЖАРГАЛ ГЭЖ ХҮРЭХ НЭГЭН ӨРТӨӨ, ОЧИХ НЭГЭН ЗОГСООЛ БИШ, АЯЛАХ ЯВЦ ЮМ, ХҮН БҮХНИЙ АЗ ЖАРГАЛЫН ЗАМ ӨӨР ӨӨР БАЙДГИЙН УЧИР БИ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫН ГАЛТ ТЭРГЭНД АМЖИЖ СУУХААР ЯВЛАА, ТА БҮХЭНДЭЭ ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ, ХҮНДЭТГЭСЭН АМИРА"   гэж томоор дурайтал бичээд үлдээжээ.

2012-10-28

Стокгольм хот.

Нулимстай дурдатгал

2012 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Болормаа
Миний гарын алганаас ч том навчис хацар алгадан яг л бороо шиг шаагин унасаар. Урьд нь би навч ийм ширүүн унадгийг мэдээгүй байсан уу, эсвэл өнөөдөр өглөөний жиндүүхэн салхинд тэр навчис бээрсэндээ бөөн бөөнөөрөө унасан уу. Унаж байгаа навчисын дор уйлаад л, нулимсаа арчаад л алхаад байлаа. Үнэндээ дан савхин хүрэмтэйдээ салхинд жиндэж даарсангүй. Өглөө босоод зүрх шимшрүүлж, сэтгэл хоосруулсан тэр гунигт зурвасыг хүлээн авсандаа хамгийн их даарч явлаа. 2009 онд би гуравдугаар курсын оюутан байхдаа “Цог” сэтгүүл дээр дадлага хийлээ. Үнэндээ бол улиралд нэг гардаг сэтгүүлийн дадлага гэж юу байхав, юм шивнэ, эсвэл зума тоглонгоо ах эгч нарын ам чагнана, үе үе архи кофе хоёрт гүйсээр тэндхийн дэлгүүрийн худалдагч бүүр таньдаг болчихсон ямар сайндаа “Хүүхээд чи их уух юм аа тээ“гэж байхав дээ. Цэнд-Аюуш гэж нэг том амьтан адилхан нэг ангийнх байж бас энийг ингэ, тэрийг тэг гэж “даргална”. Цэнд-Аюуш, Л.Хасар ах, Л.Ганзул ах гурав тэр үед “Цог” сэтгүүлд ажилладаг байсан юм. Нэг өдөр гаднаас үстэй дээлтэй, нэг ташаандаа дурангаа, нөгөө ташаандаа ширэн цүнх үүрсэн хурган малгайтай хүн орж ирлээ. Ах нь Дундговиос ирсэн хөдөөний хүн, мөд буцна гээд цэцэн цэлмэг тод хурц яриагаараа ам ангайтал “булж” байгаад “хүүе тэр ноднингийн “Болор цом”-д шүлэг уншдаг Бандийн Болормаа чинь Увсынх бил үү, “...Намайг явсны маргааш, намар болчихож гэнэлээ, би зун байж” гээд гүй мөн айхтар мэдрэмжтэй хэлсэн шүү” гэж байна. Би ч яасан тэвчээргүй, тогтворгүй байсан юм. Тээр тэнд байгаа компьюторынхоо цаанаас өндийж “биш, Баян-Өлгийнх” гэдэг байгаа. Хасар ах , Зул ах хоёр инээдээ барьж ядан тонгойгоод хөхрөлдөж байна. Ингэж би Осоржин гэдэг тэр эгэл хэрнээ эгэл биш хүнтэй танилцсан юм. Тэгэхэд ах минь “энэ жил хөдөөнөөс Уранцэцэг, Саранчимэг гээд хоёр охин ирнэ, ай даа бас л мэдрэмжтэй шүү, тэр хоёрыг би чамд танилцуулж өгнө, чи л цаад хоёртоо ойрхон байгаарай” гэж захиж билээ. Урнаа, Сараа хоёр ч оюутан болоод ирсэн, яруу найргийн наадамд шүлэг уншиж байхад нь очиж сонсон наадмын дараа танилцаж билээ. Үе үе л Урнаагаар миний анхны номыг нэхүүлнэ. Би гэдэг залхуу завгүй хоёрын дундах амьтан Зохиолчдын хороон дээрээс ганц номоо аваад явуулчихаж чадахгүй байсаар “би өөрөө олоод авчихсан, их үнэтэй хүн шүү та” гэсээр нэг өдөр уулзалдлаа. Урьд өдөр нь Аюуш надад “за чи Осоржин ахад алуулсаан, чамайг ална гэж байналээ, хулхи охиныг олохдоо л олж номыг нь авна гээд сураглаад явж байналээ, гоё хүн шүү тээ” гэж хэсэг “сүрдүүлээд” явсан. Наашаа явахын өмнө гадаад явах гэж байгаагаа хэлтэл ах минь хүүгээ бас, Уранцэцгийгээ дагуулчихсан нэг буйдхан кафед ирж билээ. “Ах нь залуу байхдаа Германд сурахаар очиж байсан,, Хэй Гитлер гэж л мэндэлнэ шүү” гээд л ярина. Маш хурц гялалзсан нүдтэй хүн сэн. Тэгээд аян замыг минь ерөөж билэгтэй сайхан үг бичин Гочоогийн Бадам гэдэг яруу найрагчын шижигнэсэн шүлэгтэй хоёр сайхан ном бэлэглэсэн юм. Тэр хоёр ном л надад эх орон, элгэн нутгаа санахад харийн газар хань болсоор. ..Сайхан хүний өгсөн, сайн ном хүнд ямар их хань болдог юм бэ. Нэг л өдөр бурхан ингээд, ингээд л буцаагаад авчих байсан юм бол яагаад “ах нь чамайг ирэхэд хэдэн шүлгээ хавтаслаад хүлээж байна” гэж итгэл дүүрэн хэлүүлдэг юм бэ. Нээрээ л шүлгийн номоо гаргаад хүлээж байх юм шиг би утсаар ярихгүй хичнээн удсан юм бэ. Би өчигдөр яах гэж “зураг болно үлдэнэ би, зураг болно үлдэнэ бид...” гэж ёрын шүлэг бичсэн юм бол. Үг хоолой дээр тээглээд үзэг сөхрөн уналаа. Сайхан ах минь бурханы оронд төрөх болтугай. Ум ма ни бад ми хум 2012-10-12

Хорин насны зураг

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа
Хорин насны зураг
Шаналал хүлхэн, хаврын зуун шөнөөр лаа уйлуулж
Саранд дурлаж, зузаан дэвтэр дүүрэн шүлэг бичсэн
Их л тогтворгүй яг л далайн түрлэг хорин насны зураг минь
Нэг их томоотой юм шиг уруулаа тас жимийчихэж...
Шанх руу унжсан үснийхээ гогцоог
Чихнийхээ араар хийе гэлээ ч гар үл хүрэх
Цаг хугацааны шилэн хананы цаанаас
Чамайг одоо харахад далайн түрлэг сонсогдох шиг...

Зуун жилийн дараа, зуу байтугай тавин жилийн дараа

Зураг л болон үлдэнэ би, зураг болон үлдэнэ бид
Уйлж инээж байсан минь салхины эвхээсэнд шингээд
Хувааж уусан ундааны сав салхи жимбүүрдэн тоглоно...

Гэнэт асгарсан аадар шиг, аадрын дараах солонго шиг

Шуугиж ирсэн үер шиг, үерт үрэгдсэн цэцэг шиг
Навчны настай амьдарлыг газрын зүрхээр хайрлана
Надтай тааралдсан хүмүүсийг тэнгэрийн нүдээр харна...
2012-10-11

http://www.miniih.com/miniiblog/pleasure/files/7e2dd2561fc0f392fd81b9d2337504ce.gif

Навчин аялгуу

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

                               Эрхэм ах хөгжмийн зохиолч Б.Бат-Өлзий танаа зориулав.

Цантсан цонхыг хуруугаараа арчвал

Цаана нь таны ноорог шиг намар цаг,  ах минь

Утасны модон дээр хэдэн болжмор сууж нисэх нь

Нотны тэмдэгтэй дэвтэрийн хуудас шиг дотнохон

Баяр гунигийн өнгө хосолж томолдсон

Төгөлдөрийн даруул шиг амьдрал дунд

Зүрхэнд тань ургасан билгийн модны үзүүрээс

Зөөлөн зөөлнөөр унах нь сэтгэл сэмлэх навчин аялгуу...

Тэр навчис тасарч унасан эгшинг хэн ч давтахгүйн учир

Тэр билгийн модны үндэс тэнгэрт оршдогийнх

Тэнгэрийн од харваж унахын шалтаг олоод

Аялгуу төрөх агшинд тэнгисийн гүнд сувд болно.

2012-09-29

Стокгольм хот

Amazing Girl Animations (22 gifs)

Итгэл хэмээх их уулын минь
Элсний ширхэгийг хүмүүс атга атгаар зөөн
Гарынхаа салаагаар цувуулж зам татуулан одохдоо
Гарцаагүй надад ухаан суулгасан юм.

Хүн хүнийхээ итгэлийг хулгайлсаар

Хүн нь хүнээ чоно болгодогийг мэдээгүй тэд
Шархадсан чоныг үүрэнд нь авлахаар
Шаналан дундуур минь туучиж ирдэг юм.
2012-08-15
Stockholm Hцgdalen

Бүтээгч гүйцэтгэгч хоёр

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

Нэгэн их хотын алдартанууд  цуглаж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ эхлэхэд жүжигчин бүсгүй,  зохиолч залуутай нэг ширээнд суужээ.  Гэтэл зөөгч  охин ирж жүжигчин бүсгүйд хандан "...би таныг их шүтэж явдаг, таны хамгийн сүүлд тоглосон кинон дээрээ их гайхалтай үг хэлсэн шүү, таниас тэр үгийг тань бичүүлж гарын үсгийг тань авч болох уу" гэжээ. Жүжигчин бүсгүй ихэмсэг гэгч нь толгой дохиж алмазан шигтгээтэй нарийхан үзэг гаргаж ирэн "цамцан дээрээ юу, эсвэл нуруун дээрээ юу" гэж асуухад зөөгч охин "үгүй ээ, би өдрийн тэмдэглэлийнхээ хуудсан дээр бичүүлье" гэж хормогчныхоо халааснаас модон хавтастай хуучин дэвтэр гаргаж ирэв. Бүсгүй ярвайсан боловч толгой дохин сүмбэн цагаан хуруугаараа чамин үзгээ хашиж бариад охины ноорхой тэмдэглэлийн дэвтэр дээр бичих гэтэл түүнийг алдаршуулсан өнөөх гайхамшигт үгийг хэдийнэ мартжээ.

Тэр ийнхүү самрагдаж түүнийгээ нуух аядан тэс хөлдүү инээмсэглэл тодруулан зүгээр л муруй сарий гарын үсгээ сараачихад зохиолч залуу дэргэдээс нь " Гоо үзэсгэлэн гундаж, голын уснаа навч хөвнө, орчлон дээр бие үгүй болоход, оюун санаа л гагцхүү зүрх болж үлдэнэ" гэв.

Бүсгүй гайхан толгойгоо өргөн харвал түүний тоглосон киноны зохиолыг бичсэн цагаач залуу байлаа. Түрүүнээс нааш дэрвийлгэж будсан урт сормуусаараа гивлүүр болгон халхалсан тас хар нүд нь урд нь суугаа том биетэй залуу эрийг харсангүйдээ сандран цавчилж хацар нь улаа бутрах нь улам ч үзэсгэлэнтэй харагдуулав.

Зохиолч залуу түүний үзэсгэлэнтэй төрсний  төлөө хундага өргөөд ийн хэлэв.  "Та намайг түрүүнээс нааш хараагүйд гайхах юм алга, учир нь бүтээгч гүйцэтгэгч хоёрын дунд их зай бий" .

Amazing Girl Animations (22 gifs)

2012-08-25

Стокгольм хот,

Б.Болормаа

Амь /өгүүллэг/

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

... Лангуун дээр эгнүүлэн тавьсан махнууд гэнэт амь орж арьсаа хуулуулсан нүцгэн улаан амьтан болоод шүдээ ярзайлган урдаас дайрч эхэллээ.

Барагцаалбал нэг сүрэг болохоор өнөөх нүцгэн амьтад улам ойртсоор...

 Яах ч учраа ололгүй баруун тийш харвал авралын гарц болох шар төмөр хаалга харагдав. Лангуун дээгүүр түүн лүү улам ойртон гэтэх тэр амьтад ганц л хөдөлгөөн хийх юм бол хүзүү рүү нь хадахад бэлэн харагдана.

Тэрхэн зуур орчин тойрноо тойруулан харж байгаад шалавхан хөдөлж лангуун доогуураа шурган орж эргэж харалгүй гүйлээ. Гүйсээр байгаад сая нэг амьсгаа авч эргэн харвал өнөөх улаан нүцгэн амьтад алга болсонд нь баярлаж урагшаа алхлаа. Гэтэл гарах хаалганы үүдэн дээр цусаа шүүрүүлэн зогсох нүцгэн амьтад бүслэн зогсжээ...

Ингэж зүүдлэн хар дарсаар арайхийн сэрвэл хөшигний завсраар тас хар шөнийн тэнгэр харагдах нь үүр цайгаагүй байгаа бололтой.

Бүсгүй босон гэрлээ асааж нэвт норсон биеэ арчаад усанд орохоор угаалгын өрөө лүү гээ оров.

Шүршүүрийн бүлээн ус сад тавин бүсгүйн дээрээс асгарахад саяын аймшигт зүүдээ  мартахыг хичээн биеийг нь даган урсах усан дуслуудад айдсаа дайж явуулж байгаагаар төсөөлөн нүдээ аньлаа.

Тэр хүн түүнд хүн муу санаж онцгүй үг хэлэхэд, эсвэл хэн нэгнийг гомдоохоороо голдуу ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход усанд ороод нүдээ анин таагүй бүхнээ усны дусалтай хамт урсгаж байна гэж төсөөлж тэгснээрээ сэтгэл нь хөнгөрөн сайхан болдог билээ.

Гэвч төсөөлөл нь нэг л төгс болж өгсөнгүйгээр барахгүй харин ч дээрээс нь асгарах шүршүүрийн ус өнөөх нүцгэн амьтадын цус болон урсаж байгаа юм шиг санагдахад сандаран нүүрнийхээ усыг шавхраад нүдээ нээлээ.

Гэтэл гарынх нь алга үнэхээр цусанд будагдсан байх бөгөөд бүсгүй тэрхэн зуур ухаан алдан уналаа.

Удахгүй хавар болж охид хүүхнүүд гангалан алхах урин цаг ирж байгаа тул нөхөр нь хятадаас бараагаа татахаар урьд өдөр нь явжээ. Үе үе л бүсгүйн нөхөр бараагаа авчирахаар урд хөршийг зорьж ирэх болгондоо эхнэртээ нүд унагам сайхан хувцас хунар, үнэт эдлэл авчирч өгнө.

Үеийнх нь хүүхнүүд дэлхийн алдартай брэнд ярилцаж өмссөн гутал барьсан цүнх зүүсэн гоёлоороо зиндаархаж  гайхуулан ярих боловч Минжингийн өмссөн зүүснийг хараад чимээгүй болно.

Хэдийгээр "хужаагийнх" гэдэг муу нэртэй боловч түүний нөхрийнх нь авч ирж өгдөг гоёл чимэглэл хувцас  ямар ч брэндийн хувцаснаас илүү ганган дэгжин төдийгүй материал чанараараа ч дагуулахгүй.

2

Амгалан ийм зүйл харж байгаадаа нүдэндээ  итгэсэнгүй.

Түүнийг энд ирэх болгонд нь найрсагаар угтан дайлж цайлан тав тухтай буудалд байлгадаг Жин өвгөн үслэг эдлэлийн үйлдвэр дээр дагуулан ирж өмнөх сар Амгалангийн авсан шубатай хослохоор дээд зэргийн сорлог арьстай маргад эрдэнийн чимэглэлтэй булган малгай хийлгэхийг хүсэж байна гэж уламжлав.

Тэрхэн зуур үйлдвэрийн дөрвөн ажилтан торон дотор байгаа гурван булгыг гаргаж ирэн хөлнөөс нь барьж байгаад газар савахад хоёр нь ухаан алдсан бололтой тэрийн хэвтэж нэг нь хөдөлсөөр байсан тул модоор тархин дундуур нь буулгалаа.

Нэгэнт ухаан алдсан гурван булгыг гурван эр зэрэг шонгоос өлгөж доош харуулаад эхлээд гэдэснийх нь дундуур яран өвчиж эхлэв.

Жин өвгөн өөрийн мэдэлгүй ярвайн огих шахан зогсож байгаа Амгалан луу инээд алдан харж "гурван сартай булганы арьс хамгийн гоё сорлог, чи битгий ай, эд нарыг үхүүлэхгүй арьсыг нь хуулах хэрэгтэй, хэрвээ үхчихвэл арьс нь гоё байхаа болино" гэлээ.

Хэдийгээр ухаан алдсан ч арьс мах хоёр нь хурц мэсээр салж байгаа тул нялх булганууд сарвалзан тийчилж муухай орилж байв.

Амгалан цаашдаа харж тэвчсэнгүй.

Хөмсгөө атируулан нударгаа зангидан эргэж алхлаа.

Жин өвгөн араас нь гүйн ирж "чи яаж байна аа, тохиролцсон наймаа хэвээрээ биз дээ, чиний авсан булган шуба эд нарын эхийн арьсаар хийгдсэн,  эд нар бага булганых учраас бүүр гоё байна аа, амлаж байна" гэж бөхөлзөн зогсоно.

Амгалан түүнд булган малгай захиалсан мөнгийг өгөөд үг дуугүй эргэж явлаа.

Animated Movie GIFs

Саяын харсан зүйлдээ нэг л итгэж чадахгүй сав шимийн ертөнцөд ийм их нүгэл бас байдаг аа гэж бодон хурдан хурдан алхсаар өрөөндөө ирлээ. Зүрх рүү нь часхийтэл хатгаад нэг л хачин совин төрсөн тул гэнэтхэн Минжиндээ учиргүй ихээр санаа зовж наймаагаа ч авалгүй даруйхан буцлаа.

            Эмнэлэгийн орон дээр Минжин ухаан орлоо. Хэдэн цаг угаалгын өрөөндөө хэвтсэн юм бүү мэд.

Ямар ч байсан хөршийнх нь эмэгтэй түүний хажууд дугжран суугааг харвал тэр л эмнэлэгт авчирсан бололтой.

Толгой нь их хөндүүр байх бөгөөд толгойгоо арайхийн эргүүлвэл цагаан пансан хөшигний завсраар нарны хурц туяа гялбаж байлаа.

Гаднаас Амгалан гүйн орж ирээд Минжингээ ухаан орсон байгаад баярлан өмнө нь очиж гарыг нь атгалаа.

Минжин "чи сайн явж ирсэн үү, би чамайг одоо надад малгай хэрэггүй, хавар болж байгаа болохоор дараа жил авахуулья гэж хэлэх гээд залгасан чинь утас чинь болохгүй байсан, яасан юм" гэж тунирхангуй асуув.

Амгалан эхнэрийнхээ гэмгүй бор нүдэн дээр ээлжлэн үнсээд "миний хань их ядарч дээ, энэ эгч чамайг олоход чиний хамраас цус гарсан байсан гэнэ, чи минь дусал залгуулаад хүлээж байгаарай, би эргэж ирээд чамайгаа гаргаж авна" гээд гарч гүйлээ.

Гэртээ ортол үүдэнд өлгөөтэй байгаа булган шуба хамгийн түрүүнд нүдэнд нь тусахад өнөөхийг шүүрэн авч цаасан уутанд хийв. Гэрээ нэгжих шахан хайсаар  шүдэнз олж халаасандаа хийгээд   гадаа гарлаа.

Энийг анх эхнэртээ авч ирж өгөхөд тэр минь хичнээн их баярлалаа даа. "...амьдралдаа анх удаа булга өмсөж байна, бас миний ордны ээлтэй чулууг яаж мэдэж чимэглэв ээ" гээд л. Нүд нь гялалзаж урт шуба өмсөн толины өмнө дахин дахин эргэлдээд л, түүний өндөр гоолиг биенд хичнээн сайхан зохьсон билээ.

Гэтэл тэр минь амьтаны тарчлаан, нүгэл хилэнцээр бүрдсэн хараалтай хувцас өмсснөө мэдээгүй баярлаж хөөрөөд л явж байсан байна. Энэ хүмүүс юунд амьтаны амь өмсөж түүгээрээ бие биендээ гайхуулан зиндаархаж амьдардаг юм бол оо гэж өөртэйгээ ярин алхах зуур өнөөх үзсэн аймшигт зүүд шиг явдал санаанд нь орж нэг л аягүй болгоно.

Гэрээс нь холгүй байх хог хаядаг машины төмөр чиргүүл дээр очиж өнөөх ууттайгаа тавиад гартаа барьж ирсэн шингэнээ асгаж төдөлгүй шүдэнз зурахад хиншүү хярвас ханхалж амьдаараа тамлуулан тарчилж байгаад амь тавьсан амьтаны сүнс тэнгэрт очиж бурхантай зарга мэдүүлэх нь гэмээр  бөөн хар утаа дээш олгойдов.

2012-07-26

Мариахамн

Б.Болормаа

Улаан навч

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

Амьдралын модны мөчирт

Дарцаглаж ургасан том улаан навч би

Аньсаган дотроос  нулимс хөлөглөж

Зүрхэн зүг хөвдөг том улаан нар минь

Амьдрал ийм богинохон байхад

Чам руу тэмүүлэх хүсэл минь ямар холыг туулна вэ

Навчны нас ийм богинохон байхад

Амжиж надаас ядаж гунигийн тухай асуугаач...

Б.Болормаа

2012-09-29 Стокгольм хот.


Газар дуншин өвдөж яргуй тийчлэн ургах хаврын

Гадсан өсгийт, цагаан инээдэт минь

Чиний алхаж одсон мөрөөр газрын зулай шархалсан болов уу

Чиний инээд урссан ормоор миний зүрх тэсгэлгүй хорсоно...

Хадганд боолттой багын минь сэвлэг шиг

Хаврын ногоо нялх үнэртэй ургадаг юм

2012-05-17

Стокгольм хот.

Болороо эгчдээ баярлалаа, би тандаа хайртай

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

Сайн байцгаана уу... Ойрдоо блогтоо онцын сонин содон зүйл нэмсэнгүй. Ганц хоёр дэл сулхан юм л төдий орууллаа. Байнга блогоор минь зочилдог найзууд маань "нэг бол чи их залхуу болж байна, эсвэл чи завгүй юм бичээд улам хөдөлмөрч болж байна" гэцгээж байна. Яг үнэндээ бол залхуу, завгүй хоёрын дунд л байна. Өнөөдөр сониноос монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай Шведэд ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уулзалт хийсэн. Би хараахан очиж амжаагүй ч юун тухай хэрхэн ярилцсаныг хүмүүсийн амнаас болон мэдээллийн сайтуудаас олоод уншчихсан.

Стокгольм хотод шар ,улаан, нэг тал нь улбар өнгө өнгийн навчис ногоон зүлэг цэрдмал зам дээр хөглөрөн унаад л савхин хүрэм нэвт жиндүүлсэн сэрүүхэн намар болж байна. Эндхийн навч нь шарласан мөртлөө өвөлжингөө зүлэг нь ногоон байдаг сонин шүү. Эх орон, эх нутаг, ээжий аав, эмээ дүү нар, эгч ах, найз нөхөдөө мөн ч их санаж байна. даа. Хүмүүсийг санах нь зүйн хэрэг. Гэтэл номын дэлгүүр, орж суудаг байсан кафе, сургуулиасаа гараад алхдаг байсан Сансарын түнелийн урт зам, сургуулынхаа гуанзны мантуун бууз / бас "Боргио" гээд халуураад явчихгүй юу/ гээд бас бус юмыг мөн их санах юм даа.

Ирээд нэг жил нэг сар болж байна. Намар хавар хоёрт нэг л хачин гэгэлзээд сэтгэл санаа гэдэг чинь уулын салхи шиг давалгаалаад байдаг, шүлэг ч их бичдэг.

Ойрдоо ч их бичиж байна даа.

Бичсэнээ нийтэлсэнгүй гэж уншигчид маань бүү гомдоорой. Удахгүй яруу найргийн болон өгүүллэгийн ном маань гарах болохоор шинэ бүтээлүүдээ хэрэндээ нууцалж "сүүрприйз" бэлдэж байгаа минь энэ. Бүгдийг нь нийтэлчихвэл миний номыг унших хүн олдохгүй биз дээ. Нэг ийм менежмент явагдаад нийтлэхгүй байгаа билээ. Гэхдээ бас яаж зүгээр байхав таван өгүүллэг бичвэл нэгийг нь арван шүлэг бичвэл гурвыг нь нийтэлнэ ээ.

Олон шүлэг бичих гэж мэрийхгүй ч бичихгүй байя гэлээ ч олоод удсан санаа дотроос хатгаад нэг л мэдэхэд огло харайгаад босчихсон өнөөх муу үйлтэй нөтбүүкээ балбаад сууж байна даа. Энэ нөтбүүк хөөрхий аваад хагас жил ч болоогүй "нялх" юм шүү дээ. Зогсоо зайгүй шахуу балбаад унахаар өвддөг л байх даа.

Нээрээ сониноос нэг ийм сонин зураг зохиолч Х.Болор-Эрдэнэ эгч минь фэйсдээ "охидууд зургаа аваарай" гээд нийтэлчихэж.

Хэзээ яаж хавахуулснаа санахгүй байтал Удвал ахайтны нэрэмжит тоглолтын үеэр бид хэд энэ өдөр СТӨ-ний тайзан дээр шүлгээ уншиж нэг оройг хамтдаа сайхан өнгөрүүлсэн юм билээ шүү.

Болороо эгчдээ маш их баярлалаа. Үе үе гайхширтал сайхан бичиж, нулимс унатал сайхан үг хэлдэг, урмын үгээр тэтгэж өөдрөг сайхнаар инээмсэглэж явдаг Болороо эгчдээ хайртай би.

Баруун гар талаас Удвал ахайтны нутгийн найрагч охин/нэрийг нь санахгүй байна/, яруу найрагч Д.Отгонцагаан эгч, Б.Болорцэрэн эгч, Ш.Лхамноржмаа эгч  тэгээд миний бие миний дотны найз яруу найрагч А.Мөнхчимэг

Гол дүрд нь "тогдгор" хэмээх Т.Галсантогтох гуай.

Зуун жилийн дараа, зуун жил байтугай тавин жилийн дараа та чи бид бүгдээрээ энэ хорвоо дээр  байх нь үгүй,  ууж байсан ундааныхаа савнаас богинохон насладаг, гэнэт асгарсан бороо шиг, борооны дараа татсан солонго шиг, гэнэт буусан үер шиг, үерт үрэгдсэн цэцэгс шиг энэ амьдралд бие биендээ сайхан үг хэлж, чин сэтгэлээсээ хайрлаж явах л хамгийн том утга учир билээ.

2012-10-11

Дэлхийн зүрх / шинэ өгүүллэг/

2012 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Болормаа

"Хоёр зуун жилийн өмнө маш хүчтэй дэлбэрч байсан  энэ галт уул одоо ч гэсэн асаж байгаа. Гэхдээ дэлбэрэх хэмжээнд хараахан хүрээгүй , дэлбэрэлт болох давтамж нь болоогүй гэсэн судлаачдын дүгнэлт гарсан... " гэж хөтөч залуу, хоёр хөршийн гэр бүлд тайлбарлан галт уулын бүлээн чулуудыг гишгэлэн явах зуур бяцхан хүү уулын тогооны ирмэг дээр ирээд аль хэдийнээ тонгойн сууж байлаа.

Саяхан л гараас нь хөтлөгдөн зогсоо зайгүй "яагаад" гэсэн асуултаар булж явсан хүүхдээ  чимээгүй болчихсоныг гэнэт  үгүйлсэн бүсгүй сандран "хүү минь, хүү минь"  гэж уйлагнан дуудахад хүүгийн аав ч "миний хүү миний хүү" гэж цуурайтуулан хашгирав.

Хамт явсан хөршийн эхнэр нөхөр хоёр ч мөн гайхан ёстой л нэрэндээ таарсан "дэггүй тархи" юм аа хааччихдаг байна гэсээр хүүгийн аав ээжийн араас гүйлдэцгээлээ.

Ээж нь айснаасаа болоод нуруу лүү хүчтэй цохичихсонд биш галт уулын тогоонд уур савсан харагдах нууранд тоглуулсангүй гэж хүү гоморхон хошуугаа унжуулан явна.

Хүний хүсэл сонирхол гэж үл баригдах эцэс төгсгөлгүй нэгэн зүйл аж.  Галт уулын халуун нурман дээр шарсан мах  амтархан зажилах хөршийн бүсгүйг хүүгийн ээж хараад   хүмүүс  яагаад ийм хачин зүйлд дурладгийг нь ойлгож ядан, усны жараахай шиг хурдан хөдөлгөөнтэй сахилгагүй хүүгээ алдчихгүй гэж гараас нь чанга зууран сууна.

Хүүгийн гар ээжийнхээ алганд атгуулсаар байгаад бүр хөлөрчихсөн бушуухан гарыг нь тавиулаад халаасандаа байгаа жижигхэн зүйлийг  гаргаж харахсан гэхээс тэсэж  ядахдаа уйлагнан зүтгэнэ.

Шүүрхий мах завьжнаасаа гоожуулан идэх хөршийн хоёр нь  сая нэг юм ээлжит этгээд зугаанаасаа салж гэрийн зүгт тавуулаа урт машиныхаа дээврийг  задлаад шулуун засмал замаар салхи татуулан давхилаа.

Мөнөөх дэггүй хүүгийн ээж хөршийн эхнэр болох  тэр махлаг шар хүүхэнтэй багаасаа найзласан ч одоо ингэж өөрчилөгдсөнд гайхаад барахгүй  саарал туяатай нарны шилнийхээ цаанаас хачирхалтайгаар харж санаа алдан явна.

Үргэлж нүдээрээ инээмсэглэн, сайн сайхан зүйл ярьж гунигласан хүмүүсийг тайтгаруулан явдаг цэцэг тарих дуртай, тарьсан цэцэг нь ч сайхан ургадаг наран зүгээс ирж явааг нь харахад нарны гэрлийг биедээ шингээгээд тээж явна гэмээр гэрэлтэй охин байсансан.

"Өнөөдөр хамтдаа сайхан  байлаа" гэж хөршүүд нүүрэндээ хуурамчхан инээмсэглэл тодруулан гараа найрсагаар даллаад гэр гэртээ орцгоолоо.

Эхнэр нь замын турш дуугүй явсан тул нөхөр нь" Миний хань ядарчихсан юм уу, өлсөхөөрөө уурладаг болохоор чинь чамайгаа цадахаар гоё юм ярина аа"  гэж тэвэрч үнсээд сахилгагүй хүүгээ толгойг нь доош харуулан орилуулан тоглосоор  өрөө лүүгээ орлоо.

2

Эхнэр нь загасны мах шарж хавь ойроор нэг сайхан үнэр ханхлуулан нөхөр нь "дэггүй тархи"-тайгаа үймүүлэн тоглох хөршөө хараад мөнөөх махлаг бүсгүйн нөхөр цонхоороо атаархангуйгаар санаа алдан унтаж байгаа хүүгийнхээ өрөө лүү оров.

Хэдхэн жилийн дотор эхнэр нь ингэж ийх өөрчлөгдсөнд гайхаад барахгүй байлаа. Анх айлын хажуу өрөөнд нэг нэг чемодонтай, тэр чемодан нь дүүрэхгүй хувцастай  тэгээд хаа явсан ч хэлхээтэй юм шиг хамт явах залуухан хоёр орж байсан.

Ариун цэврийн өрөөнд хүртэл хамт орохоороо яадаг байна аа гэж суулгаж байсан айлынх нь эхнэр хорсолтойгоор орилдогсон.

Amazing Girl Animations (22 gifs)

Загвар өмсөгч болно гэж хүсэж мөрөөддөг эхнэрийнхээ хүслийг бодож тэр бүхнийг хийсэн. Гэтэл энэ эдлэн газарт нүүж ирснээс хойш өдөр бүр дасгал хийж, хүзүүгээ хүртэл үрчийлгэхгүй гэж намхан дэртэй унтдаг үзэсгэлэнтэй ухаалаг хөөрхөн эхнэр нь гэрээсээ гардаггүй, хоол хийж гэрээ ч цэвэрлэдэггүй, юу дайралдсанаа иддэг бүдүүн шар авгай болж хувирсан. Гэрийн үйлчилэгчээ зогсоо зайгүй загнаж, байнга хараал урсган өрөөн дотуур түнтэгнэн алхаж, хүүхдээ дуу чимээ гаргахыг ч хориглож, тэгж байснаа гоёлынхоо өрөөнд ороод хэдэн цагаар ч хамаагүй муураа тэврэн өнөөх зандан модоор хийсэн гоёмсог хүрээтэй толь руу ширтэн суудаг болсон ч түүндээ хайртай хэвээрээ.

b316

3

Дэггүй тархи аав ээжийгээ унтсан хойно босож ширээнийхээ гэрлийг асаагаад мөнөөх өдөр  олсон сонин зүйлээ гаргаж ирэв.

Зүрхэн хэлбэртэй жижигхэн улаан  хүрэн чулуу. Хүү аав ээж хөршүүдээ хөтөчийн ярианд амаа ангайлган явах зуур уур савсаж байгаа галт уулын тогоон дахь нуур луу ойртож очсон юм.

Гэтэл нэг бяцхан улаан чулуу наранд гялтагнан гоё харагдахаар нь гүйн очиж автал зүрхэн хэлбэртэй тэр чулуу халуун байсан. Хав халуун чулууг алган дээрээ ээлжлэн барьсаар ээж аав хоёрынхоо орилсоор ирж явааг хараад халаасалж орхисон. Нимгэн даавуун өмдний цаанаас хөлийг нь нэвт хайрч байсан хав халуун чулууны ормоор хүүгийн гуян дээр хэсэг арьс зүрхэн хэлбэртэй улайсаж түлэгджээ.

Хүү гарандаа өргөс  оруулаад уйлдаг ч энэ удаа хөлөө түлэгдснийг аав ээждээ огт хэлэхгүй байхаар шийджээ.

Тэр шөнө хүүгийн нойр хүрсэнгүй.

Маргааш бушуухан л болоосой, хөршийнхөө их зантай  дуугүй ч гэсэн олон зүйл мэддэг том жаалд өнөөх чулуугаа үзүүлж юу гэдгийг нь мэдэхсэн гэж хүслээ.

4

"Дэлхийн зүрх" одоо хөршийн том жаалын өрөөнд байна.

Хүү өглөө үүрээр босоод тэр айлыг сэрэхийг хүлээн үүдэнд нь суусаар том жаалд чулуугаа үзүүлжээ.

Том жаал чулууг алган дээр эвтэйхэн тавиад наранд гялалзан харагдах гоёмсог тэр чулууг галт уулын тогооноос олсон болохоор "Дэлхийн зүрх" гэж нэрлэе гэжээ.

Том жаал  хүүгээс "дэлхийн зүрх"-ийг нь аавынхаа авч өгсөн том дурангаар сольё гэхэд хүү зөвшөөрчээ.

Тэгээд өнөөх чулуугаа аавдаа үзүүлтэл аав нь хүүгийнхээ гараас чулууг булаах шахан авч "хоёулаа ээжийг чинь баярлуулах уу" гээд чихэнд нь ямар нэгэн зүйлийг ихэд чухал царай гарган аминчлан ярив.

Үргэлж харааж загнаж, хаа ч явсан хашгирч байдаг ээжийнх нь царайд инээмсэглэл тодорно, тэгээд аав бид хоёрыг ээлжилэн тэвэрнэ гэж бодохдоо хүү хязгааргүй ихээр  баярлаж аавынхаа хэлснийг дуртайяа зөвшөөрөн толгой дохьлоо.

Ингэж нэг өдөр аав хүү хоёрын бяцхан нууц задарч ээж нь төрсөн өдрөөрөө галт уулын зүрхэн хэлбэртэй чулууг нямбай суулгасан цул алтан бөгжтэй болов.

Amazing Girl Animations (22 gifs)

Ээжийнх нь нүд хурцаар гэрэлтэн нөхрийнхөө хуруунд нь зүүлгэж өгсөн бөгжийг гараа ойртуулж нэг холдуулж нэг хараад час улаанаар будсан уруулдаа үл мэдэг инээмсэглэл тодруулан хүйтнээр "баярлалаа" гэхэд баярласандаа тэврээд үнсэнэ дээ гэж  хүлээж догдолж суусан том жаал аавтайгаа хоёулаа муухан инээмсэглэн бие бие рүүгээ харан суулаа.

5

Өглөө эрт хөршийн нөхөр том жаалтайгаа хамт хаалга нүдэв. Дэггүй тархийн аав нойрмоглон эвшээсээр очиж хаалга тайлж өгөхөд тэжээмэл муур нь алга болчихсон байна, танайд орж уу, хараад өгөөч гэж гуйлаа.

Өнгөрсөн шөнө манай хүүгийн өрөөнд ороод хөнжилд нь хэвтэж байсан. Хүү маань муурнаас айдаг болохоор бид хоёр хүүгээ хажуудаа авч унтсан. Муурыг хөөж гаргах гэснээ танайх гэдгийг хүзүүнийх нь зүүлтээр таниад тэнд нь үлдээсэн. Одоо байгаа байх, та хоёр ор л доо гэв.

Муур байхгүй байлаа. Хүүгийн өрөөний том цонхны нээлттэй салхивчаар л орж ирээд тэгээд тэрүүгээрээ эргээд гарсан бололтой.

Том жаалын  аав хүүтэйгээ хоёулаа тэднийд өглөөний цай уух зуураа өнөөх түүхт галт уул ойрдоо улам ихээр нүргэлэн дуугарч үе үе бага хэмжээний үнс нурам цацарч байгаа тул хэзээ мөдгүй дэлбэрэрэх магадлал өндөр байна, энэ хавийн эдлэн газартай айлуудыг нүүлгэн шилжүүлнэ гэсэн мэдээг ч хэллээ.

Хэдэн цагаар ч хамаагүй эрхлүүлэн суудаг муураа алга болсонд том жаалын ээж учиргүй багтран уурлаж , хөршийнх лүүгээ ороод алга болчихлоо гэж цонхоор толгойгоо гарган нөхөр хүү хоёроо орилон дуудав.

"Орой манай муур ирвэл биднийг дуудаарай" гээд тэр хоёр гарч явлаа.

6

Хар муур одоо хуучин амьдардаг байсан байшингийнхаа дээврээр  сэм орж ирээд хуучин эзнийх нь ажлын ширээ байсан том хүрэн ширээн дээр хөлөө тавиад дугуйтай сандлаа налан бодол болон хэвтээ хижээл эрийг хорсолтойгоор харж байна.

Учир нь түүнийг жижигхэн зулзага байхад нэг бороотой өдөр гудамжны булангаас анх олж цувныхаа дотор энгэрийн халаасанд хийж ирээд асарссан тэр айлын охин одоо байхгүй болсон.

Баян эзний ганц охин хүүхдүүдтэй найзлан тоглохоос илүү мууртайгаа хөөцөлдөж, нуугдаж өдрийг өнгөрөөдөг, шөнө болгон өвөртөлж унтдагсан.

Amazing Girl Animations (22 gifs)

Усанд орохдоо дэлхийн орон орноос авч ирсэн үнэ цэнэтэй бөгж зүүлтээ муурныхаа сүүлэнд өлгөөд сарнай цэцэг хөвсөн вананд өдөржингөө хэвтэнэ.

Энэ зуур муур түүний сүүлэнд өлгөөтэй зүүлт бөгжнүүдийг унагаахгүй тулд сүүлээ дээш болгон гүйсээр том толины өмнө ирж өөрийгөө харна.

Муурын тольддог байсан охины өрөөний том толь одоогийн эзнийх нь гэрт яагаад байгааг муур мэдэхгүй.

Ямар ч байсан дөрвөн хөлнөөс цус шүүрээд хатсан үхлүүт амьтан шинэ эзнийдээ очихдоо л тэр толыг таньсан. Толин дотроос мөн л цагаасаа эрт одсон охины ээж хараад гараараа даллаж байсан.

Amazing Girl Animations (22 gifs)

Муурны хорсолтой харах нүдэн дотор сандалаа үл мэдэг ганхуулан хэвтээ энэ хижээл эр бол чинээлэг эзний холын хамаатан.

Охин нь нэг өдөр вананы өрөөнд амиа хорлосон байдалтай нас барахад нас өндөр болсон өөр төрөл садангүй  энэ баян өвгөн хөрөнгөө надад өвлүүлнэ дээ гэж баясан бодож байсан хижээл эрийн горьдлого талаар болж тэр их өв хөрөнгө өвгөнийг өөд болоход гэрээслэл ёсоор мууранд өвлөгдөн үлджээ.

Хижээл эр үүнд уурлахын ихээр уурлаж зарга үүсгэн хамаатан садан гэсэн  нотлох бичиг баримт бүрдүүлж өгөн хөрөнгийг өөрийн болгоод зогсохгүй муурыг тамлахын муухайгаар тамлаж усанд хаяжээ.

Pic 22

Дөрвөн хөлийг нь хавтгай модон дээр хадсан , гэдэс нь гол болтлоо нарийсч турсан хар муур усан  дээр банзтайгаа хөвж явахад аав ээжтэйгээ зугаалгаар явж байсан том жаал олж авчээ.

Муур хижээл эрийн улаан хоолойд хумсаа шигтгэж хүзүүгээ даган урсах цусыг нь амтална гэж хорсолтойгоор гэтэж байсан боловч алсад нүргэлэх чимээ гарахад яагаад ч юм бэ энэ удаа түүнийг орхиж дээврийн нүхээр яаран гарч одов.

Төгсгөл

Муураа эргэж ирсэнд үглэж уурлах нь багассан том жаалын ээж шинэ зочиндоо хол ойрын сонин хачиныг ярих зуураа  хамгийн сүүлд авсан содон бэлэг болох өнөөх галт уулын зүрхэн чулуун бөгжөө харуулахаар гоёлын өрөө рүүгээ  орлоо.

Хачирхалтай нь түүний бөгж толины өмнө байсангүй, түрүүн орон дээр цагираглаад унтаж байсан муур ч алга.

"...Хаалга хэн нэгэн хүчтэй балбана. Очиж шагайвчаар харлаа, хэн ч алга...

Эргээд хартал хар муур түүн рүү шүдээ ярзайлган гэтэж байв. Түүнийг таниж тэр мөчид ямар их гэм нүгэл хийнээ ухааран уйлан байж өршөөл гуйлаа ч муур дөхсөөр байлаа, тэр муурын нүд түүний гарт амиа алдсан өнөөх хамаатны охины нүд болж хувирав.

 Хоромхон зуурын дотор муур биеэ эвхэж байгаа үсэрлээ.  Түүний гүрээнд аль хэдийнээ хаджээ..." Ингэж зүүдэлсээр хижээл эр цочин сэрээд хашгирах гэтэл түүний зүүд биелэлээ олж дуугарч ч  чадалгүй амьсгал хураав.

"...Галт уулын идэвхжэлт саармагжиж өчигдрөөс эхлэн үнс нурам цацрахаа больсон  бөгөөд энэ нь дэлбэрэлтийн шинж тэмдэг биш хараахан унтраагүй байгаа галт уулын энгийн үйлдэл юм... " гэж зурагтаар нэвтрүүлэгч хүүхэн мэдээ уншина.

Зурагтын удирдлага барин суугаа нөхрөө хараад улам ихээр уурлаж хашгичин үнэт бөгж нь хаачсан тухай асуух том жаалын ээж байн байн орж гаран тогтож сууж чадахгүй байна.

Гэнэт  муур нь гүйн орж ирээд хажуугаар  шурдхийн өнгөрч шатаар дээш хурдлав.

Энэ удаа том жаалын аав шигдэж суусан буйдангаасаа толгойгоо өндийлгөн харлаа.

Энэ маань яачихаа вэ гэсээр тэднийг гоёлын өрөөнд ороход бүх юм ундуй сундуй болсон болчихсон өнөөх чамин хүрээтэй том толь хагаран унажээ, өмнө нь байсан шүр сувдан гоёлууд ч шалаар нэг цацарсан харагдана...

Бүсгүй гүйн очиж хагархайнууд дунд сөхрөн суугаад "хайран толь, хайран толь" гэж шогширон, "энэ толь худалдаж аваад миний ядуу тарчиг амьдралд цэг тавигдсан, би юугаар ч дутдаггүй баян хадагтай болсон, одоо энэ толь ингээд хагарчихлаа, би одоо яах юм бэ, би толиндоо хайртай байсан" гээд хүүхэд шиг цурхиран уйлав.

Харин эхнэрийг нь ийм болтол  өөрчилсөн, өдөр бүрийн олон цагаа түүнийг ширтэж өнгөрөөдөг, түүний амьдарлаас итгэл, хайр сайхан бүхнийг нь булаасан  тэр муу ёрын хуучин толыг хагарсанд нөхөр нь баярлахын ихээр баярлаж  хагархайнуудыг нь инээмсэглэсээр түүж сууна.

Том жаалын аав хагархайнуудыг гаргаж хаяаад хамгийн сүүлд толины том хүрээг ойролцоох тавилга хаядаг хогийн өрөө рүү гулдран чирч явахдаа нэгэн зүйлийг анзаарчээ.

Толины гоёмсог модон хүрээг муур хурц хумсаараа маажаад сэт татсан байх бөгөөд ганц хоёр дусал цус ч наалджээ.

Хажуугаар нь гүйн ороод илбийн юм шиг алга болсон муураа хайн орилж яваа эхнэртээ энэ мэдсэн нууцыг хэзээ ч хэлэхгүй байхаар шийдэн очиж аргадахаар хурдан хурдан алхлаа.

Толины нэгэн хагархай дотор өнөөх муурын нүд амгалан тайвнаар аниастай байгааг, түүний сүүлэндээ өлгөж очоод галт уулын тогоонд хийсэн "Дэлхийн зүрх"-ийг сольж авсан дурангаараа дээвэр дээрээс дурандаж суусан хүүгээс өөр хэн ч мэдэхгүй.

Галт уул хилэгнэн булиглахаа болин  дэлхийн зүрх нэгэн хэмээр цээжиндээ цохилж байна.

 Маргааш өглөөны гэрэлт наран  хоёр хөршийн цонхоор  сэм шагалзахад хэдхэн жилийн өмнө хамтдаа нүүж ирсэн цэл залуухан хосууд урьдын адил баяр хөөртэйгээр,  саравчинд ширээ тойрон зургуулаа суугаад шарсан тахианы сайхан үнэр хавь ойрдоо ханхалуулан элдэвийг хүүрнэн инээлдэх болно.

2012-06-27

Стокгольм хот, Хогдален

Б.Болормаа

Уншигчиддаа илгээх захидал

2012 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Болормаа

Сайн байцгаана уу, миний эрхэм уншигчид минь ээ..

Сайхан зусаж байна уу, Улаанбаатрын зун сайхан болж байна уу.

Бороо зогсолтгүй орсоор л. Стокгольмын зун уйлж байгаа тунимхай охин шиг байна. Бороо орохоор сэтгэл нэг тавгүй, гэрээсээ ч гармааргүй...


Удахгүй уншигч  та бүхэндээ "Дэлхийн зүрх " нэртэй цоо шинэхэн өгүүллэгээ хүргэх болно оо . Яруу найргийн номоо өгүүллэгийн номтойгоо хамтад нь гаргах бодолтой байна. Сүүлийн хэдэн сар нэлээд хэдэн өгүүллэгээ дуусгалаа. Би бичих санаагаа хүлхээд л яваад байдаг, тэгж тэгж нэг өдөр сууж бичдэг. "Цэцгэнд төөрсөн эрвээхэй", "Хайр буруугүй", "Нутгаа санаад уйлдаг" сэтгэл олон сайхан дууны шүлгийг бичсэн Н.Пүрэв хмэээх уран бүтээлч ах маань дан ээжийн тухай дуугаараа СД гаргах гэж байгаа бөгөөд түүндээ яруу найрагч Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа эгч нарын болон миний шүлгийг өөрийнх нь дуу хоолойгоор уншуулан оруулж байгаа билээ. Бас "Хайрын цэнхэр нулимс" дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Бат-Өлзий ах маань миний "Ханьдаа" хэмээх шүлгийг амилуулж дуучин Мөнхтөр дуулснаар үзэгчдийн хүртээл болно. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл нэг иймэрхүү байна даа, Ш.Дулмаа багшынхаа захиасаар хичнээн үргэлжилсэн үг рүү урвасан ч шүлгээ бичсээр байгаа. "Хүнийг хайрлахад мөнгө хэрэггүй" нэртэй анхны жүжгийн зохиол  минь гараас гарсан. Мөн "Хэнд ч би ээжийг нь орлож чадахгүй" нэртэй жүжгийн зохиол одоо бас бэлэн болоод байна. Хичээл сургууль бүх зүйл амарч миний бие богино цагаар ажил хийж, урт цагаар бичиж байна даа.

"Аавын охиноос бурханд бичсэн захидал" нэртэй өгүүллэг маань Гоолингоо.мн,  Залуу.ком гэх мэт олон сайт блог дээр тавигджээ. Мөн "Хоёр үндэстэй цэцэг", "Бүлээн зөн", "Эхийн хайр" гэх мэт сүүлийн үеийн өгүүллэгүүд маань ч сайтууд дээр нийтлэгдсэн байна. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншаад урам орж улам сайн чамбай бичихийг хичээх болсон.

Мөн миний сүлийн үеийн уран бүтээлийг монголын яруу найргийн сайт болох Бийрбэх. мн-ээс уншиж болно. Блогтоо ч нийтэлсээр байх болно.

Одоогоор хоёр найруулагчаас өгүүллэгийг минь кино зохиол болгох санал ирээд байгаа.

Мөн Ц.Бавуудорж, Г.Мэнд-Ооёо зэрэг монголын төдийгүй дэлхийн алдартай яруу найрагчдынхаа  шүлгийг швед хэл рүү орчуулахыг хичээж байна. Их зохиолч Д.Нацагдоржын "Миний нутаг" шүлгийг швед хэл рүү хөрвүүлсэн байгаа.

Өдөр тутмын сонин хачин, зарим нэг сонин содон бичлэгийг та бүхэн хажуугийн хананд байгаа "өмнөх өрөө лүү эргэж орох" гэсэн дээр дарж миний "Мелоди" буюу Аялгуу  блогоос хүлээн авч болно.

Хүндэтгэсэн Б.Болормаа

 

Би фэнгшүйд итгэдэг.

2012 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Болормаа

Би фэнгшүйд итгэдэг. Фэнг шүй бол шашин биш шинжлэх ухаан юм. Миний бодлоор бүх шашин хүн болоод байгалын сайн сайхны төлөө гэсэн нэг зорилго бүхий оройтой харин илэрхийлэх номлол, сургаал нь өөр өөр олон өнцөгт гурвалжин юм. Би сүнс байдагт итгэдэг, бас сайн муу энерги хүний маьдарлын үйл хэрэгт шууд холбоотой гэж ойлгодог.

Өнгөрсөн өвлөөс эхлэн өрөөгөө бүрэн гүйцэд биш ч фэнгшүйгээр тохижуулсан. Жишээлбэл баруун урд зүг эр хүний хийморь лундааны зү бөгөөд, өвөг дээдсийн зү гэдэг тул энд хайртынхаа зодог шуудаг, малгай зэргийг тавьж энэ зүгт бөөрөнхий дүрс ээлтэй гэсэн тул глобус тавьсан. Эцэг эхийн маань зургууд ч харагдаж байна.

За энэ манай гэрийн идээ ундаа, эд баялагийн зүгт орших тавгийн идээ. Цагаан сараар анх тавиад түүнээс хойш гар хүрээгүй.

мөн энэ зүгт улс улсын мөнгийг нуруунд дээрээ үрсэн гайхайн дүрс бүхий лааны суурь буй.

Зүүн өмнө зүг болох хосын зүгт буурай ээжийн минь бид хоёрт бэлэглэсэн хос бөгж хүндтэй байр эзлэнэ, мөн хос аяга.

За мөн эх орны минь алтан соёмбот төрийн далбаа ажил үйлсийн минь хүндтэй баруун зүгт буй.

Харин  үр хүүхдийн зүг болох өмнө зүгт хэзээ нэгэн цагт хөөрөхн хүүхдүүдтэй болно гж билэгдээд энэ зургийг наасан.

Бас бий юм бичиж байхдаа хажуудаа лаа саах дуртай. Яагаад ч юм лаа асаалттай байхад нэг л сайхан байдаг юм.

Book & Candle Comments

Энэ дашрамд лааны тухай өгүүлье.

Лааны тухай

Гэр орон, зочдын дунд тааламжтай нөхцөл байдлыг лаа бий болгодог гэж тэд vздэг. Мексикийн олон хотод лааны тусгай дэлгvvрvvд байдаг ба худалдагч нар нь vйлчлvvлэгчиддээ лааны зурхайн талаар тайлбарлаж өгдөг байна.

Book & Candle Comments

Цагаан лаа
Сарны хvчийг татдаг. Мэлхийн ордны хvмvvс даваа гарагт асаавал ашигтай.

Book & Candle Comments


Улаан лаа
Хvний эрvvл мэндэд сайнаар нөлөөлж, тачаалын галыг бадраадаг. Хилэнц болон хонины ордныхон энэ лааг мягмар гарагт хэрэглэвэл vр дvнтэй.

Book & Candle Comments
Улбар шар лаа
Уран бvтээлийн vйл явцад нөлөөтэй. Сэтгэлийн тайван байдлыг олоход тусалдаг. Ихрийн ордныхон энэ лааг лхагва гарагт асааж хэрэглэх хэрэгтэй.

Book & Candle Comments

Book & Candle Comments


Бэхэн өнгөт лаа
Хvний мэдрэмжийг сайжруулж, бие даасан байдлыг олоход тусална. Охины ордныхон лхагва гарагт хэрэглээрэй.

Book & Candle Comments



Хар лаа
Сэтгэлийн сөрөг энергийг зайлуулна. Матрын ордныхон бямба гарагт асаагаад vзээрэй.

Book & Candle Comments


Ягаан лаа
Хайр сэтгэл, нөхөрлөл, мэдрэмжийн бэлгэдэл болдог бөгөөд ямар ч ордныхон дуртай өдрөө асаан хэрэглэх болно.

Book & Candle Comments



Ногоон лаа
Мэдрэмжийг хурцатгана. Мөн хардалт, элдэв хэл амыг зайлуулна. Энэ лааг баасан гарагт голдуу асаадаг.

Book & Candle Comments

Шар лаа
Худалдаа наймаа, уран бvтээлийн амжилт авчирна. Ням гарагт арслангийн ордныхон хэрэглэх нь зvйтэй.

Book & Candle Comments

За ингээд таны гэрт лаа дандаа биш ч гэсэн  үргэлж сайн сайхан энерги бэлэглэдэг лаа асаж байг.

Энэ бүх лаануудыг Мелоди би хүмүүс та бүхний сайн сайхны төлөө асааж байна.

Энэ мөчид блогт маань тухлан суугаа зочин танд аз жаргал хүсэн ерөөе,

Book & Candle Comments

Book & Candle Comments

Book & Candle Comments

Book & Candle Comments

Book & Candle Comments

Book & Candle Comments

Эцэст нь нэг нууц дэлгэе.

Book & Candle Comments

Нүдний  өмнө ассан мянган лаа, зуун зулаас илүү хүний сэтгэл дотор асагч тэрхүү гэрэл хамгийн хүчтэй нь билээ.

Book & Candle Comments

Төөрсөн чулуу /шинэ богино өгүүллэг/

2012 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Болормаа


Тас тас инээж байснаа гэнэт дуугүй болоод алсыг ширтэх багадсан ногоон тэрлэгтэй охин нэг л өглөө арван долоотой хүүгийн зүрхэнд анхны хайрын арилашгүй шаналал зураад одов.

Түүнийг байхад нь дандаа шоглож арайхийн цугуулаад тууж яваа тугалуудыг нь  том чулууны цаанаас дээлээ нөмрөн гэнэт гарч ирэн үргээгээд, тугалтайгаа хөөцөлдөн дэгдэх мэт гүйх тэр тайрмал үстийг шоолон эвхэрч унатлаа инээдэгсэн. Ингээд явчихаар үгүйлнэ гэдгээ мэдсэн бол эмээгийнхээ нэрмэлийн усыг өдөржин зөөхөд нь нэг удаа ч гэсэн дамжлаад өгөх минь яалаа гэж залуу хүү шүүрс алдан бодлоо.

Харамссандаа чангаас чанга орилмоор  санагдахад уул цуурайтуулан Маргад аа гэж чанга хашгирав.

Мар-гад-аааа гэсэн дууг дуурайж уул хад цуурайтан дуудлаа ч Маргад аль хэдийнээ онгоцонд  суугаад уул байтугай үүлнээс ч өндөрт хөөрсөн байлаа.

Хүү уул хадтай нийлэн хичнээн орилон дуудсан ч сэтгэлд нь багтаж ядах тэр зүйл санаан зоргоор сарничихсангүйд бухимдсандаа Маргадтай уулзах газраа тэмдэг болгон босгодог байсан шөвгөр хөх чулуу аваад тэр дор мушгиралдан урсах гол рүү шидлээ.

Nature Comments & Graphics

Чулуу исгэрэх  мэт сонин чимээ гаргаад тэртээ доорх голын урсгалыг эсгэн усны ёроолд цүлхийтэл унаж нэг үзүүр нь живж байгаа хүний гар аврал эрж байгаа мэт ёрдойн үзэгдлээ.

Мөнх цаснаас эх аван дуулан дуулан урсаж байсан гол шархадсан могой шиг тэр хэсгээрээ шаналантайгаар булиглав.

Ёолон ёолон булиглах голын урсгалыг уулын дэггүй салхи ч намжааж чадахгүй байсаар ёрдойсон чулуутай гол намрын адаг сарын цасан шуурганаар тэс хөлдлөө.

2

Арван долоон насны зүрхэнд шүдэнз зурах мэт зурсхийсэн инээдээрээ гал асааж түймэр дэгдээчихээд одсон хэргийн эзнээс сураг тасраад бас л арван долоон жил болжээ.

Морины хондлой дүүрэн намрын шар тарвага эгнүүлсэн  анч эрийн арван долоон насны улаа бутарсан царайнаас  зөвхөн хөмсгөн дээрх тод хар мэнгэ нь л үлджээ. Харин зүрх сэтгэл нь бол яг л тэр намрынх шиг арван долоотой хэвээрээ  Маргадтай уулздаг байсан тэр хадан хясаан дээрээс голын урсгал ширтэнэ.

Голын шаналал эдгэсэн болохоор дуулан дуулан, хөгжимдөн хөгжимдөн урсана.

Nature Comments & Graphics

Өнөөх ус руу шидсэн уулын хөх чулуу одоо ёрдойх иргүй болоод голын ёроолд дассан гэдгийг шидсэн тэр мэдэхгүй,  харин хурц иртэй уулын тэр чулууг ус руу шидээгүй бол өдийд чи ганцаараа биш гурвуулаа болоод над руу ширтэх байсан даа гэж уулын гол шивнэн шивнэн урсаж байлаа.

Харьд одсон бүсгүй, гол руу шидсэн чулуу хоёр эргэж ирдэггүй аж.

2012-06-25

Стокгольм хот.

Б.Болормаа

Amazing Girl Animations (22 gifs)

"Ногоон дарь эх" /шинэхэн өгүүллэг уншаарай/

2012 оны 06-р сарын 23 Нийтэлсэн Болормаа

1

Ээжийнхээ хойдохыг уншуулан  алтан хайрцгийг нээлгэхэд "өөрийн ганц үрдээ хүү болон заяана, ногоон дарь эхийг шүтэж яваарай"  гэж буужээ. Гэрт баргил том хоолойтой лам үргэлжлүүлэн ном уншиж үе үе хонх дамар дуугаргана.

Гэрийн гадна бөөгнөрөн суугаад тамхи татаж байгаа хүмүүс "хүний ганц хүү яана даа хөөрхий, муу ээжийнхээ энгэрийн зүүлт шиг эрх өссөн юм шүү дээ" гэж халаглацгаана.

Хачирхалтай нь тэр ээжээс нь үлдсэн ногоон дарь эх бурхан хэний гараар орсон юм бүү мэд алга болсныг уй гашуудаа дарагдаж явсан  залуу мэдсэнгүй.

Утаа гарч цайны сайхан үнэр ханхлахаа больсон гэрийнхээ барааг хараад нэг л хөндий хоосон оргиж гэртээ оролгүй давхиад явчихна. Эсвэл гэртээ нэг орохоороо амьд үгүй нь мэдэгдэхгүй хэдэн хоногоор ч хамаагүй таг сууна.

Хааяа нэг утаа суунаглаж харагдах ч энэ гэрийн уяа урьдынх шиг багтаж ядсан морьтой байхаа болоод удлаа. "Өсөж яваа охинтой айл шиг хүн тасрахгүй юм" гэж үе үе эхнэр хүүхнүүд Буянгийн ээжийг цаашлуулдагсан.

"Хүүе юу ярьдаг шаавай хүүхнүүд вэ, жоохон шимийн юмны амт л байлгүй" гээд  эмгэн тас тас хөхөрнө.

Нэг л өглөө хүмүүсийг босохоос өмнө Буян муу ээжийнхээ гэрийг өвөлжөөнийхөө байшинд оруулан хураагаад хаашаа ч юм бэ яваад өгсөн байлаа.Түүнийг ингэж гэнэтхэн алга болсонд нэг хэсэг нь гайхаж, зарим нь тэр нь ч дээр дээ, юм үзэж нүд тайлахаар хот ороо байлгүй гэнэ.

2

Ху овогтын тэргүүн "хай чи сайхан нүдтэй залуу хүү байна, эзэн надад бас миний эхнэрт үнэнч ажиллана шүү" гээд нэг арьсан гутал гарган өмнө нь шидэв.

Тэгээд "чи энэ гутал элэгдтэл манайд зүтгэнэ. Энэ гутал элэгдсэн өдөр чи манайхаас явж болно, чамд бид хөлс хангалттай төлнө, бас чи явахдаа тэр том өрөөнөөс дуртай нэг юм аа аваад явах болно харин чи тэрнээс өмнө энэ гэрээгээ дуусгавал чамайг амбан сайддаа хэлж зарга мэдүүлнэ, гэхдээ чи сайн хүү, тэгэхгүй байх гэж бодож байна"   гээд үргэлжлүүлэн ярьсаар зальжин инээмсэглэл нүүрэндээ тодруулан  гарч одов.

Эзний эхнэр ууртай ааштай дээрээ дураараа гэдэг нь арай л дэндүү. Олон өрөө дамжин гүйж энийг ч ингэ тэрийг ч тэг гэж гараа савчуулан орилно, нэг ажил хийгээд эхэлчихсэн байтал дахиад нэг ажил даалгаад яг одоо хий гэнэ, анхандаа хэлийг нь мэдэхгүй болохоор юу гэж харааж загнаад байгааг нь мэдэхгүй гарын хөдөлгөөнөөр нь ойлгодог байлаа. Өглөө үүрийн гэгээ хаяарахаас эхлээд үдшийн бүрий тасартал арван найман өрөө байшин, ногооны талбай, гахайны саравч, нохойн хэвтэрийг ч янзалж цэвэрлэнэ.

Харин энэ айл арван ес дэхь нэг өрөөндөө хүн оруулах дургүй, барагтай бол цэвэрлүүлэхгүй, сардаа нэг тоосыг нь арчуулна

Өнөөдрийг Буян ирээдүй мэт хүлээж байсан юм.

Учир нь сардаа нэг тоосыг нь арчдаг өнөөх ховор нандин эд зүйлсийн өрөөг цэвэрлэх өдөр.

Энэ өрөөнд түүний хэзээ ч харж байгаагүй эд зүйлсээс эхлээд  том хүрээ хийдэд харж байсан олон бурхан бий. Бас түүний багаасаа харж нүдэнд нь дассан сэтгэлд ойрхон нэгэн нандин зүйл энд байгаа.

Чухам үүний л төлөө Буян өнөөдрийг оруулвал долоон жил хорин зургаан хоног ийнхүү шар махтайгаа хатах шахан хөгшин хятадын бохир заваан болгоныг хийж шүд зуун тэвчиж байна.

 Ямар ид шид нь гэхээр ийм элэгдэхгүй гутал байдаг байна, уг нь хүмүүс дотор газраас авсан гутал долоон хоногийн настай гэдэгсэн, юмны наана цааныг бодохгүй би гэдэг амьтан ганцхан гутал элээх юухан байхав, ямар ч ширээр хийсэн гутлыг сайндаа л сар өмсөж зад татаад нарийн нандин зүйлээ бас чамлахааргүй хөлс аваад эх нутагтаа буцна гэж бодоод энэ боолын гэрээнээс өөрцгүй бичгэн гэрээг үйлдсэнсэн.

Хөлдөө өмссөн хоёр гутлаа харлаа, элэгдэх байтугай гөлчийж гялтагнах шинж ороод өнөөх муу гутал энэ гутамшигт ажлаас мөд чөлөөлөх шинжгүй

Өдөр болгон хамаг л хар борыг хийж, хадтай чулуутай гудамжаар хүртэл зориуд бүдүүн хадуун алхан, юм л бол гүйж харайх боловч гутал элэгдэх нь үгүй.

Муу санаат Хун овогт ингээд л надад ганц гутал элээнэ гэж гэрээ хийсэн байх нь гэж хөмхий зуун бодож өдөр бүр өмсдөг өнөөх ээлжгүй ганц гутлаа хялайн хараад босов.

Долоон жилийн хугацаанд зээлийн газраар ч цөөнгүй явж хун овогтын идэх уухыг цуглуулахдаа нэг ч   монгол хүний бараа харсангүй.

Харин хэд хоногийн өмнө энэ газрын хувцастай хэрнээ цаанаа л алхаа гишгээ нь өөр нэг охин саравч хадаж зогссон Буянг чиглэн ирээд сахиусан тэнгэрийнх гэмээ гэрэлт инээмсэглэл тодруулан үг дуугүй нэг хуйлаастай бичиг атгуулав.

Буян гайхан эргэн тойрноо ажвал хүн амьан ч алга, хуйлаасыг задлаж үзвэл босоо монгол бичгээр бичжээ.

Туулай өдрийн  бар цагт гудамжны үзүүрт байдаг Лин хай нэртэй уран дарханы газарт заавал ирэхийг хүссэн ганц өгүүлбэр байлаа. Доор нь нэр усаа ч тавиагүй, он сар  ч үгүй мөнөөх зурвасыг Буян гартаа чанга атгаад бодол боллоо.

.

Энэ зурвасын эзэн хэн бол, арай Хун овогт... Үгүй ээ эзэн нь түүнийг үе үе туршдаг ч худам монгол бичгээр ийм сайн бичнэ гэж байхгүй. Хятад хүн хэдий аргатай ч өвөг дээдсийн минь дайн дажинтай үед морин дээрээ таталгаад түүнийгээ тайлан уншдаг байсан тэр нарийн нууцад нэвтэртэл өдий байна гэж бодлоо.

3

Буян чамархайг нь даган зам татуулан урсаж байгаа хөлсөө ханцуйгаараа шудраад мөнөөх боолын ажил дууссан тул  ясаа амрах минь гэж шийдээд хуучин сүрлэн саравч луугаа алхав.

Маргааш өглөө хүн олныг хараахан  сэрээгүй байхад бар цагт багтан дарханы газраар очино, нам унтаж л болохгүй гэж өөртөө хатуу сануулаад хэлээд ядарч хөшсөн биеийнхээ чилээг гаргахаар нүдээ анин дугжирах аядав.

Бөх гэгч нь унтмаар санагдавч бар цагт сэрэхгүй бол яана аа гэсэн айдас үет үе цочоон сэрээж байлаа.

Ийнхүү унтаа сэрүүний хооронд тарчилсаар өнөөх хуйлсан захиаг гартаа чанга атгаад харуй дундуур бүдчих шахан алхаж гудамжны үзүүрт хүрэв.

Мөнөөх захиа үйлдэгч тосож байж. Хижээл насны өндөр бор хүн  Буянг дагуулан гэртээ орлоо, зогсоо зайгүй захиалгатай байдаг ч гэр нь их цэмцгэр, гэхдээ охинтойгоо хоёулаа л амьдардаг бололтой баруун талд ганц дэр тавьсан нарийхан ор хажууд нь жижигхэн орон дээр түүнд эл зурвасыг дамжуулсан шантгар шар охин тайван унтаж  байна.

Дарханы хэрэгслүүд өрсөн ванданг эс тооцвол ердөө л жижиг шүүгээ, тогоо шанагахан төдий байгаа өрөөнийхөө голд зогсоод явган ширээг зайлуулав.

Чингэснээ эргэн тойрноо сэм харж дөрвөн ханандаа чихээ наан чимээ чагнаад хаалга дотроос нь дангинатал түгжлээ.

Нутаг нэгтнээ харсан Буян элгэн садантайгаа уулзсан мэт нүдэндээ нулимс мэлтэгнүүлэн байж монгол сайхан ёсоороо гар зөрүүлэн амар мэндээ мэдэлцэв.

Уран дархан зайлуулсан ширээнийхээ доорх хивсийг сөхөхөд зоорьных бололтой нэгэн жижигхэн хаалга харагдав.

Хаалгыг сэмхэн татаж Буянг оруулаад өөрөө араас нь гэрэлт дэн барин явж сая нэг ам нээн "чамайг яах гэж энэ Хун овогтынд хоргодоод байгааг мэдэж байна, харин чи юу ч бүү асуу, зөвхөн намайг сонс миний умгар өрөөний хана, дээвэр, бүгд чих. нүд, хэлтэй.  Харин энд чи бид хоёрын яриаг газар л сонсоно, бас энэ бурхад л сонсоно гэв.

Жижиг өрөө дүүрэн алтан, мөнгөн, зэс, гуулин төрөл бүрийн бурхан амгалан дүрээр завилж өмнө нь модон шоголтой судруудыг эгнүүлэн тавьжээ.

Олон жилээр дотор газар суусан дархан элэг нэгтэндээ маш чухал зүйлсийг аминчлан яриад одоо хурдан яв, харин миний хэлснийг бүү мартаарай, Өглөө болгон өлөн дээрээ наад гутлаараа гишгээд байдаг юм шүү, ээ дээ энэ хятадын хорон ухаан уу гээд гаргаж өглөө.

5

Нэг өдөр Хун овогтын тэргүүн гадаадаас ховор чамин бараа татахаар жинд явлаа. Яг тэр өдөр залуугийн өнөөх бат бөх гутал улаараа зумран унажээ.

Гутал нь ийнхүү хурдан элэгдсэнд гайхсан Хун овогтын эхнэр орсгой шүдээ гарган наанаа инээж цаанаа уйлан байж амласан ёсоор шан хөлсөө өгөв.

Буян баярласнаа илэрхийлэн гарч явахдаа хүүдийтэй зоосыг тоолтол тэн хагас нь дутуу байлаа.

Эргэж ороод таны хөлс дутуу байна гэтэл "хай би хөлсөө бүрэн өгсөн, дутуу байвал миний нөхрийг ирэхээр хэлээд ав, харин чиний ажил дутуу байна, үхрийн саравч цэвэрлэчихээд яваарай" гээд ханцуйгаа далбагануулан алхсаар хаалгаа саван гарч одов.

Хун овогт аян жингээсээ буцаж ирээд болсон явдлыг сонсож царай нь хувхай цайн үсрэн орилж хязгааргүй ихээр уурласандаа багтрах шахна.

Эцгийнх нь  нурууны арьсаар хийсэн гутал зулагаараа цөмрөн унажээ, гүйн очиж сөхөрч суугаад гутлыг аван эргүүлж тойруулан хартал яах аргагүй хүний шиврээс ондоо тэгэхдээ бүр шээс үнэртэх шиг болов. Дахин үнэртээд ярвайн шидэж орхилоо.

Хүний арьсан гутал ялангуяа нурууны арьсан гутал хэзээ ч элэгдэхгүй юмсан, эцгээс минь үлдсэн ганц баялаг юмсан, ийм учиртай байж, түүнд хэн энэ өлөн шээсний нууцыг тайлав гэж хилэгнэхийн ихээр хилэгнэж эхнэрээ хардалтын нүдээр цэхэлзэн хараад толгойгоо базлан уйллаа.

Эцгийгээ өөд болоход ч уйлж байгаагүйгээрээ уйлан чарлах нөхрөө харсан эхнэр нь зогссон газраа зоолттой юм шиг хөдөлгөөнгүй боллоо.

Нөгөө монголоос нэг өвгөн лам авчирч хямдхан зарсан гараа сарвайлгасан эмэгтэйн дүрстэй цул алтан барималыг нууцын өрөөнөөс алга болсныг хэлэх үү байх уу,  гэж эргэлзэн ханцуйныхаа оёосоор дэмий л оролдоно.

Насаараа ажиллахдаа хүүдээ баялаг хурааж чадаагүй Хун овогтын эцэг сүүлчийн амьсгал хураахдаа өөрийн биенээс хэрэг болох бүхнийг хэрэглэхийг гэрээсэлжээ.

Төгсгөл

Хүний  нутаг гүний хошуунд нүднийхээ харааг муудтал уран дарханы үйлийг хийж, үнэн хэрэг дээрээ эх нутгаасаа  алдагдаж хил давсан бурхадыг цуглуулсан дарханы хүсэл ч биелжээ. Одоо тэр  хуучин сүмийн туурин дээр шинэ хийд сүндэрлэн босгож бүрэн сийлбэртэй таван ханатад охинтойгоо хоёулаа инээлдэн сууна.

Дархан "хэзээ миний охин том болж аавынхаа цамцыг угааж өгөх юм бол доо" гэхэд охин хамраа шантайлган инээж "харин хэзээ намайг ээжтэй болгож гоё хоол идүүлэх юм бол доо" гэхэд хоёулаа инээлдэв.

Хаяа залган хийдийн гадна буусан хоёр айлын аль нь Буянгийнх вэ гэж гадаа хүн дуугарахад дархан гаран зааж өгөв.

Хонины чанасан мах тогоо дүүрэн буцалж, айраг цагааны үнэр ер бусын сайхан үнэртсэн шинэхэн айлд сумын дарга нь зочилохоор ирж байгаа нь энэ ээ.

Долоон жил хүлээсэн Учрал бүсгүй инээлдэн тоглож байгаа хүү, нөхөр хоёроо харан инээмсэглэж "ямар ч адилхан юм дээ" гэж шивнээд галдаа аргал нэмлээ.

Багаасаа тоглож өсөөд малын бэлчээрт нууцхан уулзаж явсан саахалтын жаахан Учрал нь Буянг долоон жил хүлээжээ. Итгэл, сэтгэл, хайр, хүн чанар л гагцхүү аз жаргалтай амьдралын ноён нуруу аж.

Авдар дээрх ээжийнх нь зураг аз жаргалтай тэднийгээ хараад инээмсэглэж байх шиг харагдана. Жаазтай тэр зургийн дэргэд ногоон дарь эх бурхан амгалан завилжээ.

Б.Болормаа

Зураг / шинэ, бүр цоо шинэ өгүүллэг/

2012 оны 06-р сарын 23 Нийтэлсэн Болормаа


1

Бүсгүй нам унтчихжээ. Хэн нэгний гар  аядуу зөөлнөөр хөхний товчыг нь имрэх мэдрэгдэв.

Тэр  нүдээ нээхийг хүссэнгүй. "Аан миний хань өглөө ажилдаа яваагүй өнөөдөр амарч байгаа байх нь. Даана ч түрүүн нойрон дунд хэн нэгэн гал тогоонд юм тачигнуулаад байсан" гэж баярлан бодсоор нүдээ нээгээгүй чигээрээ өнөөх гар улам үргэлжлүүлэн энхрийлээсэй гэж хүслээ. Хөхнийх товчыг хурууныхаа өндгөөр хэдэнтээ тойрог болгон  илснээ гараа доошлуулахад нь бүсгүй инээмсэглэн тэсэлгүй гарыг нь чанга атгаад авлаа.

Гэтэл нөхрийнх нь овгор товгор хуруутай  хатуу гарын оронд бүсгүй хүний зөөлөн гар мэдрэгдэх нь тэр. Цочин нүдээ нээтэл хэн ч алга.

Ингэж анх удаа бүсгүй  мөнөөх хэржигнэн санаа алддаг гайхлыг биеэрээ мэдрэв.

Өглөө болгон бүсгүйн нөхөр үүрээр шахуу гарч ажилдаа явдаг. Нөхрөө гарсны дараа түүнийхээ сайхан үнэр нь арилаагүй урт дэрэн дээр толгойгоо тавиад нам унтахыг хүсдэг ч тэр зүүд, бодит байдал аль нь үл мэдэгдэх хачирхалтай байдалтайгаа тэмцэлдэн тарчилсаар хар хөлс нь цувсан амьтан нар хөөрөхөд босдог. Орильё гэхээр дуу гарахгүй, босохыг хичнээн хүслээ ч хамаг бие хүлээтэй юм шиг ... Тэгсэн атлаа хөршийн хоёр авдаг цалингаа тооцоолон, тансаг хэрэглээгээ танах тухай маргалдаж сүүлдээ хэрэлдэн юм шидлэхийг ч сонсож чаддаг.

Бүсгүй  айснаас л болж надад тэгж санагдаж байгаа юм гэж бодон үл тоохыг хүссэн ч өглөө болгон  тийнхүү хүлээтэй юм шиг хөлсөө асгаруулан зүүрмэглэх зуур толгойны харалдаа хэн нэгэн  хүн хүндээр санаа алдан, тэгснээ хэржигнэн амьсгалдаг. Индра зориг гарган хэн тийнхүү хэнгэнэтэл санаа алдаж, хэржэгнэн дуугардгийг мэдэхийг хүссэн ч харахаас айгаад нэг л зүрхлэхгүй, тэгээд ч толгойгоо эргүүлэх тэнхэлгүй хүлээстэй мэт хэвтдэг.

Тэгж тэгж шүдээ зуун бүх биеэ чангалсаар арайхийж сэрдэг. Сэрдэг ч гэж дээ, угаасаа л сэрүүн байдаг хойно, айдсын хүлээснээсээ түр мултардаг.

Саяхан л хэн нэгэн учиргүй их энхрийлж байсан хөхөө барьж үзснээ эргэн тойрон чив чимээгүй дүнсийсэн ханхгар өрөөгөө тойруулан харлаа. Нөхөр нь өглөө эрт гараад явчихсан гэрийн халаад нь өлөөгтэй,  хэн ч байхгүй байх нь тодорхой шүү дээ.

Орон дээрээсээ хурдан босож цонхоо нээлээ. Бороо орж байна.

Nature Comments & Graphics Өглөө босоод зуурах шахам уудаг өтгөн хар кофегоо ч амтлах хүсэл алга. 

Бушуухан хувцаслаад том шүхэр барин гарлаа.

Уг нь бүсгүй бороотой өдөр гардаггүй, чихмэл тоглоом оён суудаг.

Нэг өрөөгөөр дүүрэн чихмэл тоглоом байх боловч тэрүүгээр тоглох хүүхэд үгүй. Нөхөртэйгээ нэг гэрт орж, энэ байрандаа нүүн ирээд долоон жил болсон ч үр хүүхэд заяасангүй.

Мэддэг чаддаг бүхнээр явахад онцын шалтгаан, өвчин гажиг байхгүй, зүгээр л эгзэг нь таарахгүй байгаа байх гэсэн хариу сонсоод одоо бүр эмнэлэгт үзүүлэхээс дургүй нь хүрдэг болжээ.

Ядаж хүүхэдтэй бол түүнийгээ тэврээд хэвтэхсэн, яалаа гэж айхав дээ гэж бүсгүй санаа алдан бодлоо. Эгчийнх нь хүүхэд ирж түүний оёсон тоглоомуудаар ханатлаа тоглодог ч сайндаа л бол гурав хоноод гэрээ санаад явчихна.

Бүсгүй ардаа эргэн эргэн харж яаруухан алхсаар шатаар буун, орцныхоо хаалгаар гарсны дараа сая нэг уужим амьсгаа авлаа.

Nature Comments & Graphics

2

Уран зургийн галерей дүүрэн хүнтэй байна, зураачдын бүтээл харж зүрхний нүдээ баясгалаа ч өнөөх зөөлөн гар, хэржигнэсэн санаа алдалт, эмэгтэй хүний зөөлөн булбарай гар санаанаас гарахгүй бүр дэргэд дагаад байгаа юм шиг санагдана. Тэр ч байтугай баганы цаанаас хүн хараад байх шиг, тийшээ харангуут нуугдаад байх шиг...

Удалгүй бүсгүй  гадаадаас ирсэн зочид голдуу цугласан дуудлага худалдааны танхимд орлоо, зураг худалдаж авах хүсэлгүй ч өргөх дугаар аваад хоёр дахь эгнээнд суув.

Эхний зураг нэг их өндөр биш ч тохирсон үнээрээ зарагдлаа.  Удалгүй нэгэн зургийн бүтээлэг авсан нь бүсгүйн өдөр  бүхэн хардаг танил царай урдаас нь ширтэж байх нь тэр. Хэдийгээр хоёр эмэгтэй хүний зураг  байгаа ч нэг нь яах аргагүй бүсгүйн  өрөөнд байдаг зураг дээрх эмэгтэй мөн байлаа. Анх гэр бүл болоод энэ байранд нүүж ирэхэд өрөөний нэг ханыг тэр чигээр нь дүүргэсэн хаалгаар яаж оруулсан юм бол гэмээр том жаазтай зураг байсныг санан энэ зурагтай нэг зураачын бүтээл байх нь гэж бодлоо.

 Тэр зураг дээрх бүсгүй гандсан ягаан өнгийн даашинзтайгаа, ядам хуруундаа зүүсэн одны хэлбэртэй шар бөгж, хүзүүний зүүлт, хацрын үл мэдэг хонхорхой, даашинзных нь нэг мөр унасан гээд андуурахын аргагүй мөн байлаа.

Бүсгүйн бодлыг таслаж  гар гараасаа хөтлөлцөн алхаж айсуй харагдах өнөөх хоёр бүсгүйн зургийг тайлбарлагч танхим дүүрэн хүнгэнүүлэн   "Хайр" гэдэг нэртэй алдарт зураг, дундад зууны үед зурагдсан, яг зурагдсан он нь, газар нь ,  зураач нь хэн болох нь тодорхойгүй, , зураг дээрх хоёр бүсгүй эгч дүүс үү, найз нөхөд үү, эсвэл хөршийн хоёр уу гэдгийг одоо болтол судлаачид тайлбарлаж чадаагүй байгаа сонирхол татсан ховор бүтээл юм, анхны дуудах үнэ таван мянган доллар" гэж зарлав.

Гэтэл хүмүүсийн дундаас нэг нь босч "энэ хоёр яагаад хуруундаа адилхан бөгжтэй байгаа юм бол  тайлбар байна уу" гэв. Тайлбарлагч хүүхэн инээмсэглээд "одоогоор нууц нь  тайлагдаагүй ховор бүтээлийн тоонд орж байгаа гэж би хэлсэн болохоор та ойлгоорой, уран зураг хэмээх гайхалтай зүйл ямар ч орны хүн хараад ойлгодог гэдгээрээ онцлог билээ , уран зураг, урлаг, гоозүйн мэдрэмжтэй эрхэм хүндэт та бүхэн өөр өөрийнхөө өнцгөөс харж гэгээн оюуныхаа мэлмийд тольдоно биз ээ" гэв.

Харин Индра түрүүнээс нааш өөрийнх нь өрөөнд байдаг бүсгүйн зураг луу хуучин танилаа харсан юм шиг танимхааран ширтэж байснаа харцаа нөгөө бүсгүй рүү шилжүүллээ.

Тэр  бүсгүйг нь хараад эгээтэй л ухаан алдчихсангүй. Зурган дээрх танил царайгаа л хараад нэгийг нь анзаараагүй байж, бурхан минь тэр хөтлөлцөж яваа бүсгүй нь Индратай  яг л усны дусал шиг адилхан байлаа. Бүр баруун хацар дээрх тод хар мэнгэ нь хүртэл.

Тэрхэн зуур харц нь  бүрэлзэн яах ч учраа ололгүй сандлаа хойшоо налан нүдээ аньлаа, эргээд нүдээ харах зориг байсангүй ч өөртэй нь адилхан тэр бүсгүйн зураг аль хэдийнээ бодол ухааных нь хананд өлгөөтэй юм шиг гүн хадагджээ.

Хэн нэгэн  урьд нь Индрагаас "энэ хорвоо дээр чамтай адилхан бүр ихэр юм шиг адилхан хүн байвал чи яах уу, гэнэт өмнө чинь зогсвол чи яах уу" гэж асууж байсан, тэр үед  бүсгүй "яалаа гэж тийм хүн байхав дээ, би чинь ертөнц дээрх цор ганц дахин давтагдашгүй хүн шүү дээ, та ч бас давтагдашгүй ганц" гэсэнсэн.

Ингэж хариулсан боловч нээрээ урдаас нь харахад толинд өөрийгөө харж байгаа юм шиг тийм адилхан хүн гараад ирвэл яах тухайгаа бодож байгаагүй байна.

"Хадагтай та зүгээр үү" гэж хажуугийн сандалд суусан залуу гараа зөөлөн хүргэхэд Индра агдасхийн  цочлоо.

Эмэгтэй хүн  цочоосондоо эвгүй байдалд орсон уу мөнөөх залуу босоод явчихлаа.

Гайхалтай нь тэр зураг хамгийн өндөр үнэ хүрч байна, бие биенийхээ хэлсэн үнийг бут цохиж зургийн төлөөх тэмцэл ширүүн явагдаж байна.

  Зургийг заруулж байгаа хүний нууц санаа юу юутай ч атугай завсарлагааны дараа дуудлага худалдааг үргэлжлүүлэхээр болов.

Nature Comments & Graphics

"Би яах ёстой юм бол оо, одоо би яах вэ" гэж бүсгүй хувхай цайн хуурайшсан уруулаа өмөлзүүлэн эргэн харсаар танхимын хаалгыг зүглэн алхлаа. Түүний араас хүн цоо ширтээд байгаа юм шиг санагдахад эргэн харвал өнөөх зурган дээрх  ягаан даашинзтай бүсгүй түүнээс аврал эрсэн гунигтай харцаар харж байгаа юм шиг санагдлаа.

Тэр өөртэйгээ адилхан бүсгүйн царайг харж зүрхэлсэнгүй.

Бүсгүй шүхрээ ч дэлгэлгүй хурдан хурдан алхах боловч зогсоо зайгүй асгарах бороонд норсноо мэдэрч байгаа шинж алга.

Орцныхоо шатаар гүйн өгсөж, өглөөхөн зугтах шахан гарсан гэрийнхээ үүдэнд ирэн түлхүүрээ шажигнуулан онгойлгов.

Өнөөдрийг хүртэл хадгалсан төмөр хайрцагтай хадгаламжаа гаргаж ирлээ.

"Тэр зургийг  би л авах ёстой,  заавал авах ёстой, тэгэхгүй бол болохгүй, тэр зураг том өрөөнд байгаа энэ зурагтай хамт байж л гэмээнэ тайван байна, тэгэхгүй бол тэр зургийг худалдаж авсан хүн над шиг тарчилна, магадгүй надаас ч илүү тарчилахыг хэлж мэдэхгүй, энэ зураг бас тэр зураг хэзээ ч зүгээр байлгахгүй, хөөрхий тэр улаан малгайтай залуухан бүсгүй авах гэж байсан, тэр над шиг зовохыг хүсэхгүй, мэдсээр байж зураг түүнд очихыг зөвшөөрөхгүй, энэ хоёр зураг заавал хамт байх ёстой юм " гэж бүсгүй уруулаа өмөлзүүлэн чичирсээр нөхрийнхөө өдөр бүр нэмдэг хадгаламжыг бүгдийг нь гаргаж ирэн тоолж эхлэв.

Тооллоо гээд нэмэгдчихгүй хойно яая гэхэв, тэр үнэтэй зургийг авахад , тэгээд бүр их үнийг бут цохин дуудлага худалдаанд ялахад энэ мөнгө талд нь   ч хүрэхээргүй байлаа.

За байз, зарчихмаар үнэтэй ээмэг бөгж юу байдаг билээ, аан тийм энийг, бас энийг гэж  бүсгүй амандаа үглэн шүүгээнийхээ өмнө сөгдөж суугаад онгичож гарлаа.

Тэгснээ хөлс нь шанаагаа даган урсаж, сормуусны будаг нь халтартсан өөрийнхөө царайг толинд хальт хараад тонгойтол нүдэнд нь нэг зүйл гялсхийн үзэгдэв.

Долоон жилийн өмнө анх энэ байранд ороод шинээр шал цутгуулж байхдаа олсон шар бөгж, нөхөртөө харуулахад тэр нь "алт л юм шиг байна, юу ч гэсэн хадгалчих аа, дараа байрны хуучин эзэн ирээд асууж магадгүй" гэсэн тул хуруундаа ч зүүж үзээгүй билээ.

Бүсгүй энэ удаа бүр их гайхав. Өнөөх хоёр бүсгүйн зураг дээр хоёулангийнх нь ядам хуруунд байсан  бөгжтэй адилхан юм шиг харагдлаа.

Бөгжийг барьсаар унталгын өрөөнийхөө өнөөх том зургийн дэргэд очив. Бөгжийг анх тэр зургийн хажуунаас олсон.

"Мөн байна, яг мөн" гэж амандаа шивнээд гэрийнхээ хаалгыг ч цоожилсонгүй, юмаа ч далд хийсэнгүй гэрээсээ гүйн гарлаа.

Хар хурдаараа "би олсон , би мэдсэн" гэж шивнэн гүйсээр байлаа. Үргэлж өмсөх дуртай дэгжин бор гутлынх нь өсгий ганхсныг ч эс тооцон барианд орохгүй бол болохгүй гээд шазуураа зуун гүйж яваа тамирчин  шиг хурдалсаар танхимын үүдийг чанга түлхэн оров.

Завсарлага дуусаж дуудлага худалдаа үргэлжилж байна, гэнэт хаалга онгойлгон орж ирсэн түүнийг хүмүүс зэмлэнгүй харахыг ч эс тоон гүйсэн чигээрээ тайзны араар орлоо.

3

Зургийг заруулж байсан эрхэм нүдэндээ ч итгэсэнгүй, өдий олон жил хайж явсан хоёр бөгжийн нэг нь бүсгүйн гарт гялалзаж байв. Бүсгүйн гарт байгаа тэр бөгжний дотор талд "sinse 1567" гэсэн бичиг байна, одоо тэр энэ зураг хэзээ зурагдсныг мэдлээ.

Зургийн эзэн нүдээ нэг том болгон, нэг онийлгон бөгж рүү ширтсэн хэвээрээ халааснаасаа томруулдаг шил гаргаж ирэн шүлсээ гүд гүдхийлгэн залгив.  "Үүнийхээ хариуд нь чи юу хүсэж байна , энэ зарагдах гэж байгаа зураг уу" гэж шуудхан асуув

Бүсгүй нулимстай нүдээр инээмсэглэн чимээгүй л толгой дохьлоо.

Удалгүй халтартсан нүүрээ арчиж арай л хүн төрхөндөө орсон бүсгүй үнэ хаялцан бие биенлүүгээ хяламхийн харах эрхэмүүдийн дундуур алхсаар хамгийн арын эгнээнд очиж суув.

Зургийн эзэнтэй тохиролцсон ёсоор хүмүүсийн хэлсэн үнээс давуулан хэлсээр зураг бүсгүйнх болохоор нэрлэгдэж тайлбарлагч алхаараа ширээ цохьлоо.

"Найм дугаарыг өргөсөн бүсгүй та нааш гарч ирнэ үү, энэ гайхамшигт бүтээл өнөөдөр таных боллоо, эрхэмсэг ноёд хадагтай нар аа энэ бүсгүйд баяр хүргэцгээе, урлаг ойлгодог, урлагийн үнэ цэнийг мэдэрдэг ухаалаг, гэгээлэг  та бүхнийг урлагийн бурхан үргэлж ивээх болтугай" гэж сүр бараатайгаар зарлалаа.

Бүсгүй баярлан хөнгөн хөнгөн алхсаар гарахад хүмүүс түүнд зориулан алга ташлаа. Хоёр хүн гарч ирэн  улаан торгомсог алчуураар өнөөх зургийг  бүтээж бүсгүйд гардуултал түрүүн зурган дээрх бөгжний учрыг асууж байсан хүн "байз" гэж орилов. Танхимд байсан хүмүүс цочин яасан бүдүүлэг этгээд вэ гэж шивэр авир хийгээд гайхсан бас залхсан нүдээр тэр залууг харцгаалаа.

Тэр босч ирээд "эмэгтэй та арай дэндэж байгаа юм биш үү, таныг нэртэй  дуучин байж байгаад, хүнтэй суугаад уран бүтээл хийхээ болин гэрийн авгай болсныг мэднэ, гэхдээ та  өөрийнхөө зургийг хэн нэгэнтэй хамт авахуулж зураачид хөлс төрүүлэн зуруулчихаад тэрнийгээ дундад зууны зураг гэж худлаа цуу тараан дуудлага худалдаа зохион байгуулж бас болоогүй  эргээд өөрөө худалдаж авч байгааг чинь юу гэж ойлгох уу, алдар  нэрээ олж авах гэсэн юм бол дахиад дуул л даа, битгий ингэж шоудла даа" гэж хоолойгоо чичрүүлэн хорсолтойгоор хашгирав.

Индра бүсгүй чимээгүй л зогсоно. " Жинхэнэ луйвар, луйвар, ард түмнийг ингэж хуурахаа больё, урлагийг ингэж гутаахаа больё..."  гэсээр өнөөх хүн хамгаалагч нарт дамнуулан гарч харагдлаа.

Зургийг заруулж байсан эрхэм ч бүр алмайрч орхижээ, хөлс нулимстайгаа холилдсон бүсгүйн царайг анзаараагүй байж, гэтэл ингээд харсан чинь нээрээ л тэр зураг дээрх бүсгүйн нэгтэй нь ихэр юм шиг адилхан байна.

Индрагийн нүдэнд нулимс дүүрээд хоолой нь зангиран үнэндээ юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа.

Хүмүүс түүн рүү асуусан , хариулт нэхсэн харцаар харж танхимд алчуур унасан ч дуулдахаар анир чимээгүй.

"Би зуруулаагүй ээ, энэ зургийг би урьд нь харж ч байгаагүй" гэх үү тэгвэл хэн итгэх юм бэ, яах аргагүй адилхан байхад,  тэгээд бас тэр хажууд байгаа эмэгтэйн зураг манай өрөөнд ганцаараа зуруулсан нь бий гэвэл хүмүүсийн өмнө саяын чирэгдэж гарсан нөхрийг яриаг бүр баталсан болох  нь...

Дэмий л хоёр алгаараа нүүрээ даран газарт суулаа

Төгсгөл

Nature Comments & Graphics

Бүсгүй нүдээ алгуурхан нээлээ, ам нь хатаж, хэл нь хув хуурай болжээ.

Толгойгоо арайхийн хөдөлгөн харвал нөхөр нь гарыг нь атгаад орны өмнө суугаагаараа унтаж байна.

Хэд хоног ийнхүү ухаангүй хэвтсэнээ мэдэхгүй, харваас удсан бололтой, хананд өлгөөтэй цаг тооны бичгийн яргуйн зураг цэцэглэж байгаа цагаан сакурагийн зургаар солигджээ.

Тэсэхийн аргагүй базлан өвдөж байгаа толгойгоо хүчлэн өндийлгөж өрөөгөө тойруулан харав. Өнөөх зураг өрөөний нэг хананд өлгөөтэй байна, одоо тэр хоёр ханын зураг бие биенийхээ өөдөөс харжээ. Зураг дээр дандаа гунигтай харагддаг өнөөх бүсгүй Индра луу хараад инээмсэглэж байх шиг санагдлаа.

"Миний Индра, миний гүнжхэн чи минь сэрчихлээ ш дээ" гэж нөхөр нь баяр хөөрөөр цалгисан зөөлөн бор нүдээрээ хайр мэлмэрүүлэн харж учир зүггүй үнсэж байна.

Индраг өндийлгөн аманд нь сүү барьж уулгаад "яагаад надад хэлээгүй юм бэ" гэж зэмлэнгүй асуулаа. Бүсгүй түүнд хэлнэ ээ, одоо бүгдийг хэлнэ, зургийн нууцыг  тайлснаа, юу болсныг нэг нэгэнгүй ярина. Харин сэрэхгүй юм шиг унтаж байхдаа юу зүүдэлснээ л хэлэхгүй.

Нэгэн цагт аав хүү, ээж охин байсан хүмүүс бас нэгэн цагт гудамжаар бие биенээ танихгүй зөрөн өнгөрдөг, нэгэн цагт амраг хос, найз нөхөд байсан хүмүүс бас нэгэн цагт бие биенээ хараад "энэ хүнийг хаана харлаа" гэж боддог.

Хүн биеэ хэдэнтээ сольлоо ч оюун санаа ертөнцийн настай тэнцүүхэн явдаг.

Хайр, итгэл, баяр хөөр, уйтгар гунигийн хар цагаан өнгө нийлж урссан он цагийн урсгал дундуур Индра бүсгүй хоёр хөөрхөн ихэр охин дагуулаад нөхөртэйгээ хөтлөлцөн алхах ирээдүй,  бие биенийхээ өөдөөс  баясгалантайгаар харах зураг дээрх хоёр бүсгүйн хооронд шивнээ болон үлдсэн юм.

Цаг хугацааны нэгэн эвхээсэнд тэд бие биендээ ухаангүй их хайртай байсан шиг ээ,  энэ өрөөнд орж гарах хүн бүхнийг аз жаргалын гэрэлт урсгалаар тэтгэн тэтгэсээр авай.

2012-06-22

Стокгольм хот, Хогдален

Б.Болормаа

Амьдрал нэг өдөр / шинэ өгүүллэг/

2012 оны 06-р сарын 23 Нийтэлсэн Болормаа

Одоо тэр унтаж байгаа хүмүүст атаархахаа больжээ.

Жоохон хүү байхдаа амаа ангайлгаад байдгаараа хурхиран унтаж байгаа хүмүүст яагаад ч юм бэ дургүй нь хүрдэг байлаа. Аав ээжийгээ унтаж байх зуур ахынхаа өрөөнд орж үүдэнд байсан муурыг  өвөрт нь хийгээд, гудамжинд сэмхэн гарч нүдээ аниад унтаж байгаа хүмүүс шиг харагдах байшингуудын цонхыг чулуугаар нүүлгэн шил хагарах чимээнээр нойрмогхон гарч ирэн хашгирах хүмүүсийг сэм харан бахаа хангадагсан.

Ах нь муурнаас үхтлээ айдаг тул сэрж ирээд гарт нь зөөлөн юм баригдахад цочсондоо хашгирч гэрлээ асаагаад муур гэдгийг хараад улам чангаар орилж үүнийг сонссон аав ээж хоёр нь орон дээрээ босоод суучихсан эвшээж байгааг хараад сая нэг санаа нь амарч унтахгүй гэдгээ мэдсээр байж хөнжилөө нөмрөн хэвтэнэ.

Нэгэнт өөрөө огт унтдаггүй мөртлөө байгалын жам, бодьгалын хэрэгцээнийхээ дагуу амарч байгаа хүмүүст тэгтлээ их хорсож хэнд ч юм бэ гомдож байснаа одоо бодоод олохгүй юм.

Тэр бараг нэрээ хүртэл мартжээ, хүмүүс түүний "Үнэгний нүд" гэнэ.

 Одоо түүний айлгадаг байсан ах, ээж аав байтугай ач гучаас нь ч  үлдсэнгүй. Гучынхаа хүүхдүүдийг багад нь харж байсан ч одоо бол хаана юу хийж хэрхэн амьдарч байгааг нь мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй.

Дөрвөн настайдаа хортой могойд хатгуулан ухаан алдаад дөчин таван хоног унтсаны эцэст сэрсэн. Гэтэл тэр огт унтахаа больсон байснаар барахгүй хорин  зургаан наснаас хойш хөгширсөнгүй. Хөршийнхөө бүсгүйд анхны харцаар дурлаж, түүнтэйгээ гэрлэн олон сайхан хүүхдүүдтэй болсон, эхлээд ээж нь тэгээд ах нь  машины ослоор дараа нь аав нь мориноос унаад өөд болсон, .

Winter Comments & Graphics

Winter Comments & Graphics

Үзэсгэлэнтэй хөөрхөн бас өөрөөс нь найм дүү эхнэр нь нүдэн дээр нь хөгширч,  үглээ, суухаараа босох дургүй намхан пагдгар шар эмгэн болсон ч тэр түүндээ хайртай  л байсан. Харин эхнэр нь орчлонгийн жамаар нас барахад бага хүүгээсээ ч овор багатай амьтан өөрийгөө толинд хараад зүхэхийн ихээр зүхэж, бурхан яагаад ийм тавилан оноосонд харуусан гаслан уйлсан.

Одоо түүний нүдэнд нулимс ч үлдсэнгүй, үхэхийг хүсэж хэдэн удаа оролдсон ч бүтэлтэй юм болоогүй.

Үнэгний нүд бүрэнхий дунд ширээ тулан бодлогоширч сууна, ойрхон Эйфэлийн цамхаг гэрэлтэн харагдах бөгөөд анх энд эхнэрээ дагуулан ирж дэргэд нь гэрлэх санал тавин сөхөрч суугаад бөгжөө хуруунд нь зүүж өгч байсансан.

Одоо харин хүмүүс сэтгэлээ баясгадаг, харах гэж холоос ирдэг ердийн нэгэн гэрэлт бүтээл. Аргагүй дээ, тэр хүмүүсийн амьдрал хэмжээтэй, нас тоотой нь учир нүд баясгаж, сэтгэл сэргээх сайхан бүхнийг харахыг хүсэлгүй яахав.

Амьдралд шунан дурлаж, хэзээ нэгэн цагт амьсгал хураана гэхээр харамсалтай санагдаж, амжаад хийж бүтээхийн хүслэнд автан тэмцэж явсан тэр цаг үе ямар сайхан байж вэ.

Энэ  үдэш түүнийг хөгжмийн зохиолч, зураач нараас бүрдсэн уран бүтээлчдийн нэгдлийн гишүүд үдэшлэгт урьсан.

Үнэгний нүд  босоо судалтай саарал костем дээр зангианыхаа өнгийг хослуулан өмсөхдөө хэнд зориулж ингэтлээ гангарч байгаагаа ч ойлгохгүй байлаа. Толинд харахад ширхэг зураас  нэмэгдээгүй, хүүхдэрхүү гэмээр нимгэн цагаан царай, гагцхүү өтгөн хөмсгөн доороос гунигтай ширтэх тэр нүд л аль хэдийнэ жаргал зовлонгийн урсгалд угаагдсаар гэрэлтэх өнгөө алджээ.

Амьдарсан зуу зуун жилүүддээ хүний өмсөх эдлэх бүхнийг эдлэж, орон орны зоог бүхнийг амталж, таван тив бүр улс улсын бүсгүйчүүдтэй наргисан.

Love Comments & Graphics

Одоо амьдрал түүний хувьд уйтгартай, нэг хэвийн үл дуусах нэг их урт өдөр, хэзээ үүнд сүүлийн цэг хатгах нь   бурханы л мэдэх асуудал.

Үхээд араасаа хүн уйлуулах хүртэл ямар их хувь тавилан бэ, түүнийг хүслийнхээ оргилд хүрч нэг өглөө сэрэхгүй байлаа гэхэд хэн ч уйлан гашуудахгүй, их л сайндаа орон нутгийн оройн мэдээгээр "үнэгний нүд үхжээ" гэж үргэлжүүлэн уншина . Хүмүүс ч жамын юм жамаараа болжээ, арай л дэндүү урт насласан даа хөөрхий гэж тоомжиргүй хэлнэ.

Эргэн тойрон сарнайн цэцэрлэгээр хүрээлэгдсэн задгай талбайд зочдод зориулан ширээ засчээ. Улаан торгон дээр цагаан торон бүтээлэг дэвсэн ширээ бүр дээр гурав гурван лаа асааж өрнө дорны чамин шилтэй ховор дарсуудыг ширээ бүр дээр дахин давтагдахгүйгээр онцгойлон тавьсан нь энэ үдшийг улам ч тансаг болгосон мэт.

Зочид цугларлаа. Ямар ч өөгүй толийсон костемтай эрхэмүүд, ганган хээнцэр даашинзтай бүсгүйчүүд чухамхүү орон орны од болон гялалзаж яваа урлагийн хүмүүс иржээ. Гэтэл алдарт бүжигчин Эмили нөхөртэйгээ ирэх ёстой атал чухал шаардлага гараад амжсангүй .

 Ирсэн зочдын тоо арван гурав болсон тул эндхийнхэний ёс заншлаар арвөн дөрөв дэх зочиныг урихаар үдэшлэгийг санаачлагч утсаараа хэн нэгэн лүү залгаж байгаа харагдав.

Арван гурвын тоо арван хоёр хэмээх төгс тооны ард байдаг муу ёрын тоо тул ийнхүү "Арван дөрөв дэх зочин" нэртэй байгууллага хүртэл ажилладгийг Үнэгний нүд мэдэх билээ.

Арван дөрөв дэх зочин удалгүй ирлээ.

Газар шүргэсэн урт хормойтой элдэв чимэглэлгүй улаан хүрэн дашинз өмссөн өндөр гоолиг бүсгүй тас хар үсээ намируулан ихэмсгэхэн алхсаар зочдын дунд ирж найрсагаар толгой дохин мэндлэв.

Нэг нь босч бүсгүйг тосон очиж мэхийн гарыг нь үнсээд тохойгоо нугалахад бүсгүй түүнийг сугадан алхсаар арван дөрөв дэх сандал дээр суулаа.

Даашинзных нь арын ухлаадас тэгшхэн нурууг нь ил гаргаж, торгомсог арьсан дээр нь урт үснийх нь гогцоо мушгиралдан унажээ.

Зохион байгуулагч босон хоолойгоо засаад алдарт загвар зохион бүтээгч гэж  Үнэгний нүдийг зарлан энэ   үдэшлэгийн гол хүн хэмээн танилцуулахад үдэшлэг албан ёсоор эхэллээ.

Дуу хуур, инээд хөөр, марзан хэрнээ соёлтой яриа үргэлжилсэн урт үдэшлэгийн турш Үнэгний нүд

арван дөрөв дэх зочиноос хараа салаглгүй ширтэв.

Үл мэдэгхэн чийглэг харагдах бумбагар ягаан уруул, амьсгалах бүрт нь түхэлзэх  хөх, тасар нарийн бэлхүүс, нэг ч зураасгүй гоолиг цагаан хүзүү, жиргэр хар хөмсөг, тэр нүд  бурхан бүсгүйд гоо үзэсгэлэнг үнэхээр харамгүй заяажээ.

Сандалынхаа түшлэгийг налалгүй нуруугаа ялимгүй хойтойлгосхийн цэмцгэрхэн суугаад урт даашинзныхаа оноогоор гоолиг тэгшхэн хөлөө гарган урагшаа жийжээ.

Хундагаа барьж байгаа нь хүртэл эрхэмсэг дэгжин.

Тэр хүзүүнд зүүгээстэй байгаа хуурамч ч гэсэн сайхан харагдаж байгаа сувдан зүүлт хүртэл юутай азтай вэ гэж атаархан бодож суулаа.

 Үнэндээ Үнэгний нүд дэлхий дээр хоёр зуун хорин зургаан жил амьдрахдаа үзэсглэнт бүсгүй олон харж заримтай нь учир ургуулж, хорвоогийн жамаар зам салаалж явсан ч ийм сайхан бүсгүйтэй тааралдаж байсан удаагүй.

Үдэшлэгийн зочдоос түрүүчийх нь согтож, ер нь бүгд л уусан юм нь хөл, толгойдоо орон үдэшлэг баяр цэнгээний сүүл рүү юу болдог билээ нэг тийм замбараагүй байдалтай болов.

Сүүлдээ хэн нь ирж, хэн нь  яваад байгаааг ч мэдэхгүй огт танихгүй эмэгтэй хажууд нь ирээд суучихсан түүн лүү аальгүй харц чулуудан долоовор хуруугаа шүлсдээд хөхөө илбэж байгаа харагдлаа.

Төдийлөн их уугаагүй Үнэгний нүд өнөөх бор хүүхнийг харах байтугай ухаан санаа, хамаг анхаарлаа өнөөх арван дөрөв дэх зочин бүсгүйд алдчихсан, яг ховсдуулсан юм шиг алмайран сууж байлаа.

Хажууд  нь ирж суусан өнөөх хүүхэн түүн рүү ойртоход тэр татаж байсан тамхиа асаалттай чигээр нь түүнд өгөөд чаран босож зочин бүсгүй рүү зориглон алхав.

Book & Candle Comments

Алхаж очоод соёлтой эр хүний ёсоор "бүсгүй таныг дургүйцэхгүй бол энд суухыг зөвшөөрнө үү" гэлээ, үнэндээ бүсгүй зөвшөөрсөн үгүй яаж ийгээд хажууд нь суух л байсан.

Бүсгүй найрсагаар толгой дохин инээмсэглээд сормуусаа дэрвэлзүүлэн хундагатай улаан дарснаасаа бага багахнаар шимэн уулаа.

Юу гэж яриа эхлэхээ мэдэхгүй хэсэг тээнэглзэн байтал, бүсгүй өөрөө ам нээж " од харваад хүн болдог болов уу" гээд асууж байна уу, эсвэл зүгээр бодлоо ил гаргав уу гэдэг нь мэдэгдэхээргүй намуухан хэлэв.

Үнэгний нүд од хааяа нэгхэн үзэгдэх саарал тэнгэр лүү харж "харин хүн үхэхээрээ од болдог болов уу" гэлээ. Бүсгүй тэгтэл инээж байна, инээж байгаа нь яг л сахиусан тэнгэрийнх шиг эсвэл өглөөний нар шиг гэрэлтэй аж. Түүний гэрэлт инээд охидынх шиг хоолойд уусах мэт хараа салгаж чадалгүй суух зуур бүсгүйн гар утас дуугарлаа.

Утасны цаана нь бүдүүн баргил хоолойтой хүн захирангуй өнгөөр зандран ярьж байна.

Сормуусаа чичигнүүлэн тухгүй байгаагаа мэдэгдэхгүйн тулд хичээж байгаа бололтой Үнэгний нүдэд царайгаа харуулахгүй хичээн  тонгойгоод "за тэгье эрхэм ээ, за, уучилаарай" гэж сулхан дуугаар хариуллаа.

Түүний цаг дуусчээ, арван дөрөвдэх зочин бусад зочид явж эхлэхэд гараад явах ёстой. Бүсгүй харин ч энд удснаа ухаараад яаран бослоо.

Үнэгний нүд ийм хурдан явах байсан бол эртхэн ирэх минь яалаа гэж харамсан бодоод бүсгүйг гаргаж өгхөрөө бостол бүсгүй аль хэдийнээ шалмагхан гэгч нь хөлсний тэргэнд сууж харагдлаа.

Сэтгэл зүрх хоосроод явчихлаа, утасны дугаар гэрийн хаягийг нь мэдэж амжсангүй, ядаж нэрийг нь хүртэл шүү.

Салхи сэвэлзэж жихүүцэж эхлэсэн тул Үнэгний нүд үдэшлэг сайхан болсон ч бүсгүйг алдсандаа сэтгэл гонсгор буцлаа.

Fairy Comments & Graphics

Маргааш нь өнөөх хөгжмийн зохиолчид ээлж дараалан  утасдаж түрүүлж согтсондоо гэмшиж байгаагаа илэрхийлцгээв.

2

Үнэгний нүд тэсгэлгүй ихээр догдолно. Дунд зэргийн нуруутай боронзон өнгөтэй хүрэм нь хачин сайхан таарсан хөгжмийн зохиолч найз нь түүн рүү харан нүдээ ирмэж байна.

Найз ч гэж дээ тэр үнэгний нүдийн гуч хүүхдээс ч бага шүү дээ. Гэвч дурлал хайр түүний зүрхэнд дахин ассан болохоор аанай л дөнгөж хорвоод мэндлээд хорин хавартайгаа л золгож байгаа юм шиг сэтгэл ээнэгшин нялхарч найзаа гэж даруухнаар хүндлэх хүмүүсийг найзаа л гэж бодно.

Үнэгний нүдийн гуйлтаар бараг шахалтаар шахуу дахин үдэшлэг зохиож зориуд арван гурван зочин ирэхээр төлөвлөж  өнөөх байгууллагаас зочин урихаар, тэгэхдээ бүр өнөөх бүсгүйг урихаар тохирчээ.

Үнэгний нүд түүнийг дотроо "арван дөрөв дэх од"  гэж нэрлэжээ. Учир ньтүүнтэй сольсон ганцхан өгүүлбэр нь тэр байсан болохоор.

Зочид цугларч бие биетэйгээ мэндлэн хөөрцгөөж ширээндээ суулаа. Нэг нь босч "дахиад л арван гурав бас  хэн ирсэнгүй вэ" гэж ундууцангуй дуугарав.

Үнэгний нүд зочин ирэх хаалганы зүг рүү байн байна харж өндөлзөн суулаа.

Удалгүй тэр минь урт даашинзаа чичрүүлэн алхсаар хүрээд ирнэ, тэгээд энд сууна гэж арван дөрөв дэх сандалын бүтээлгийг илбэн өөрөө арван хоёр гэсэн дугаартай  арван гурав дахь суудал дээр зориуд суусан байлаа.

Гэтэл хачин юм болов.

Урт хормойтой хүрэм өмсөн эрвээхэй зангиа зүүсэн хижээл эр хайрцагтай юм барин алхсаар ирж арван дөрөв сандал дээр тавьлаа.

Үнэгний нүдийн найзыг дуудаж чихэнд нь юм хэлээд бүгдэд нь оройг сайхан өнгөрүүлэхийг ерөөн явж одлоо.

Хөгжмийн зохиолч эр Үнэгний нүд лүү царайгаа барайлган хараад санаа лдсаар дэргэд нь ирж мөрөн дээр нь гараа тавин аанай л бусдад дуулдахааргүйгээр ямар нэгэн юм удаанаар шивнэн хэлэв.

Үнэгний нүд үе үе л өнөөх хүн шиг ёслолын хувцас өмсөж энгэртээ алчуур хүртэл хийсэн чихмэл хулганыг хяламхийлан харж Одыгоо туяхан биеээ гайхуулан цэмцгэрхэн суугаагар төсөөлөн бодов.

Үдэшлэг тарахад өмнөхөөсөө ч их гунигласан Үнэгний нүд согтсондоо биш шаналсандаа хөлөө дааж ядан алхаж найздаа дамнуулсаар зочид буудлынхаа өрөөнд очлоо.

Найз нь түүнийг унтуулчихаад явна гэж зүтгэсээр байгаад нүдээ анин худлаа хурхирч эхлэхэд сая нэг юм гарч явлаа.

Үнэгний нүд орон дээрээ босон сууж тамхи асаан бодол болов.

3

Орон орноос ирсэн цагаачид голдуу эмчлүүлдэг хотын захын эмнэлэгийнөрөө  дүүрч хүмүүс өрөөний гаднах хонгилд ор тавин  хэвтжээ.

Сэхээн амьдруулах тасагт өвчин зовиурьтайгаа тэмцэлдэн шаналж хэвтээ бүсгүйн бүх горьдлого талаар болжээ.

Түүнийг алс нутагт ээж хүү хоёр нь хүлээж байгаа, өдөр болгон "ээжээ би таныг санаад байна, та хэзээ ирэх юм бэ" гэж уйлан асуудаг хүүгийнхээ толгойг дахиад үнэрлэхгүй, "миний сайхан үр" гэж үнсэж эрхлүүлдэг ээжйнхээ зөөлөн гарыг ахиад барихгүй, ингэж бодохоор нүдний аягыг нулимс дүүрээд хальж асгарна, эргээд л дүүрнэ, тэгээд асгарана...

Түүний зүрх цааш амьдрах боломж муутай болсон  хатуу ч гэсэн үнэн үгийг эмч нь зориглон байж хэлжээ. Гэхдээ амьдарна гэсэн итгэл найдвараа хэзээ  алдаж болохгүй шүү гэж аргадах гуйх хослуулан гарыг нь атган хэлээд гарч одов.

"Зүрхний донор олдохгүй бол ердөө л гурван хоног амьдарна" гэж эмч нь сувилагчдаа хэлэхийг дутуу хаагдсан хаалганы завсраар сонсчихжээ.

Үе үе утас дуугарч хүүгийнх нь зураг гарч ирнэ. Энэ удаа аймшигтай ихээр базлан өвдөж байгаа цээжээ даран хүчлэн өндийж утсаа авлаа.

 "...байна уу, Ээж ээ" гэсэн хүгийнхээ цовоо дууг сонсоод дахиад л мэлмэрүүллээ.

"эмээ бид хоёр парк орсон, эмээ галзуу хулгана дээр анх удаа суусан, тэгсэн чинь эмээ орилоод орилоод л байсан, бууж ирээд харсан чинь зураг нь аймаар инээдтэй гарсан, эмээ дахиад хэзээ ч суухгүй гэсэн" гэж хүү чанга чанга инээн ээждээ сонин болгож ярьсаар.

Тэгээд "байна уу ээжээ, байна уу" гэж хашгирах шахам асуух хүүгийнхээ асуултанд хүчлэн байж зангирч байгаа хоолойгоо даран сааралтсан дуугаар "өө тэгээ юу миний хүү, тэгээд яасан"  гэлээ.

Эмч нь гүйн ирж "утсаар их ярьж болохгүй гэсэн шүү дээ, алив хурдан дуусгаарай" гэв. Үргэлжлүүлэн яриад л байгаа хүүгийнхээ өмнөөс "ээж нь дахиад ярина аа хайртай шүү" гээд утсаа салгалаа.

Эмч нь харваас баяртай байна, нүдэнд нь нэг л гэрэлтэй оч үсэргэн шатах од мэт гялалзаад л...

"Танд донор олдсон, зүрхний донор" энэ үг бүсгүйг хязгааргүй их баярлуулсан нь мэдээж.

Хэд хоногийн турш царайгаа барайлган цөөхөн орж гардаг байсан сувилагч асрагч нар дуу шуу орж элдвийн юм ярьж инээд алдан гүйцгээнэ.

Хагалгааны өдөр боллоо. Бүсгүй ээж хүү хоёртойгоо утсаар яриад сүлжээгүй газар  хэд хоног ажиллана, утсаар ярихгүй бол битгий санаа зовоорой гэж хэллээ.

Одоо бүсгүй хагалгааны орон дээр хэвтэнэ.

 Хэн гэдэг ачтан түүнд хамгийн нандин эрхтэн зүрхээ өгдөг байна аа гэж тэсэлгүй бодов.

Эмчлэгч эмч нь мэдээ алдуулах эмчтэй хамт  орж ирлээ. Бүсгүй өндийн "эмч ээ, та надад зүрхний минь донор ямар хүн бэ гэдгийг хэлчих тэгэх үү"  гэж гуйлаа.

Эмч шилэн дээгүүрээ хачирхалтай хараад "зүрхний донор голдуу, ер нь дандаа амьсгал хураагаад нэгээс гурван цаг болсон хүмүүс байдаг юм, өөрөө амьд ахуйдаа донор болохыг хүссэн учраас бид амьсгал хураасны дараа зүрхийг нь тусгайлан авч хэрэгтэй хүнд нь шилжүүлэн хийдэг юм, тохирох эсэх нь бас л аз мэдэх асуудал байдаг, гэхдээ таны донорын зүрх үнэхээр сайхан эрүүл зүрх байгаа, тэр эрэгтэй  өөрөө хүссэн болохоор болно оо"  гэв.

Бүсгүй гайхан "ямар эргэтэй" гэхэд эмч нь түүнийг хэвтүүлээд "одоо тайван байх нь чухал, таван минутын дараа хагалгаа эхэлнэ, та сэтгэлдээ залбирч болно оо" гээд бээлийгээ өмслөө.

Бүсгүй хэн нэгний дуусч байгаа амьдарлыг зүрхийг нь авч  өдөр бүхэн цээжиндээ цохилуулан үргэжлүүлнэ гэхээс өнөөх асгарах дуртай бэлэн нулимс тас хархан нүднээс ширхэг ширхэг сувд шиг сул унаад ирлээ.

Хайртай ээж, үр хоёрыг минь хагацал, өнчрөлийн зовлонгоос аварсан тэр талийгаач  диваажинд төрөх болтугай гэж чин зүрхнээсээ залбиран бодоод нүдээ аньлаа.

Харин бүсгүй хажуугийн өрөөнд мөн адил нүдээ анин сэтгэл дүүрэн хэвтээ Үнэгний нүдийг гэж  төсөөлөө ч үгүй биз ээ.

Өглөө мандаж, орой жаргах нар үнэндээ уйтгарт нэгэн дэнлүү мэт санагдах түүний амьдрал тэр чигээрээ хэзээ дуусах нь үл мэдэгдэх шаналал уйтгар, ганцаардал, дүүрэн нэг урт өдөр байсан.

Ойртож дотноссон,  хайрлаж хүндэлдэг бүхэн нь бүгд түүнийг эл урт өдөртэй нь орхиод нэг нэгээрээ явсаар, тэр тоолонд түүний сэтгэлд цоо буудуулсан юм шиг гүн шарх үлдсээр.

Moon & Witch Comments & Graphics

Шархадсан сэтгэлээ дааж ядан алхахдаа нарны гэрлээр өөрийгөө чимсэн саранд хүртэл дургүй хүрч, орчлон дэлхийд он удаан амьдрах  нь жинхэнэ там гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон.

Арван дөрөв дэх зочноор ирсэн түүний сэтгэлийн тэнгэрт цор ганцаараа гялалзах од мэт бүсгүй. Тэр бүсгүйтэй учраагүй, түүнд дурлаагүй, тэр өвдөөгүй , түүнийг төрсөн нутагт нь ээж хүү хоёр нь хүлээж байгаагүй бол Үнэгний нүд  энэ тамаас ангижран сайн дураараа үхэх ч эрхгүй бурханы бэлэглэсэн дөнгөнд хөл сэтгэл хоёроо шархлуулан  алхсаар байх байсан.

Ингэж бодоод тэр аз жаргалтайгаар инээмсэглэлээ.

Бүсгүй сэрэхэд түүний зүрх дахин цохилж харин цонхоор харагдах бүүдгэр тэнгэр нэвт нэгэн од тодоос одоос гэрэлтэх болно.

2012-06-23

Stockholm . Hцgdalen

Б.Болормаа

"Зүүдний гариг" /альбиносчуудын амьдралаар бичсэн шинэхэн өгүүллэг/

1


"Ангуучид ирлээ" гэсэн дуугаар бүгд дэрхийн босож гартаа юу тааралдснаа бариад цацсан тариа мэт тархан зугтацгаав.

Хүн бүхэн тэднийг харахаараа албин чөтгөр гэж дуу алдацгаах мөртлөө яагаад алах гэж  ингэтлээ улайрдгийг хашааны буланд бүжин тэврээд сууж байгаа зургаан настай хүү ойлгохгүй.

Харин тэр тэвэрч байгаа бүжиндээ л туйлын ихээр атаархдаг. Хэн ч түүнийг ангуучлах гэж улайран хөөцөлддөггүй. Одоо бас л торон хашааны хамгаалалт сэт цохин мод, буу, жад барьсан хүмүүс орилолдон орж ирж байна. Хүүгийн өвөө түүнийг нууж далдлах арга олсон болохоор хүү түүртсэнгүй.

Бүжин хэвтдэг дал модны навчыг сөхөөд хүү л багтахаар жижигхэн нүхэндээ орж аюул өнгөртөл хүлээнэ.

Альбиносууд гэгддэг энэ хүмүүс ангуучдын сургаар уул хаданд авиран тархан зугтах боловч нэг удаагийн ангуучлалаар бараг тал нь шахуу амь үрэгддэг, эсвэл ор сураггүй алга болдог. Энэ уулыг хүмүүс "чөтгөрийн уул" гэдэг. Энд ангуучдаас өөр хүмүүс хөл тавихаас ч жийрхдэг.



Зүгээр л хүн хүнээс ондоо төрчихсөн үүнээсээ болоод дооглосон, шоовдорлосон, барьж идэх нь үү гэмээр харцтай энэ торон хашаанаас цааш гарах л юм болно алхам тутамдаа тааралдана. Харин уултай тал руугаа гарч үр жимсхэнээр хооллоно.

Хүү өвөөтэйгээ хоёулаа хадан хясаан дээр гарч зогсоод ээжийгээ хүлээнэ. Даана ч ээж нь түүнийг анх мэдээ орсон цагаас л зүс царайгаа ч болов харуулж байгаагүй.

 Хааяа нэг нисдэг тэрэг, эсвэл том дуутай машин ирэх боловч голдуу буяны байгууллагын тусламж юм уу, сэтгүүлчид л байна.



Өвөө хүү хоёр бас тэр хоёртой адилхан ийм төрчихсөн хүмүүстэй хамт ийнхүү нэг тал нь нар тусдаггүй хадат өндөр уулаар нөгөө тал нь торон хашаагаар хүрээлэгдсэн энэ газарт цаг мөч бүрт сэрэмжлэн амьдардаг.

Тээр дор хашааг тойроод хамгаалагч нэртэй буу мөрлөсөн хүмүүс зогсох боловч ангуучдын өмнө тэд хүчин мөхөс. Хүн агнахаар ирж байгаа тэднийг зөрүүлээд буудах эрхгүй атлаа яагаад буутай зогсгийг хүү гайхаад олоогүй. Тэр ангуучид нь бөө удган, энгийн загасчид, бас энэ онцгой хүмүүсийн биенээс ямар нэгэн эрхтэн юм уу эд эс хэрэгтэй болсон хүн бүр л байна.



Бусдаас онцгой улаан сормуус,  ягаан нүд, цав цагаан царай, алтлаг үс бусдад тийм их хэрэгтэйг л хүү байтугай өвгөн хүртэл гайхаад барахгүй дэмий л халаглана.

Хүүгийн тэврээд суудаг бүжин ч бас улаан сормуус, ягаан нүд, зэвхий цагаан өнгөтэй. Наранд ч удаан байж чаддаггүй. Тэгэхээр энэ золгүй тавилан зөвхөн хүнд биш амьтанд ч ноогддог гэдгийг хүү томчуудын ярианаас мэдэж авсан.


2

  Өдөр бүр манддаг нарнаас тэс өөр олон өнгөөр солонгорон харагдах нартай гариг дээр ноёнтон хамгийн түрүүнд хөл тавихад түүний гишгэсэн газарт зай завсаргүй гялтагнан харагдах очир эрдэнэ...Тэр дэлхий дээр бол үнэ нь тэнгэрт хадаж нүдээ ухахаас наахнуур болж байж олж авдаг бөгжний шигтгээнд л хүрэлцэх жижигхэн үнэт эрдэнэ энэ гаригийг бүхэлд нь бүтээжээ. Цав цагаан торгон өмд өмсөж үслэг нөмрөгөө газар унжуулан алхах ноёнтон тэрхүү гарагийн эзэн боллоо гэж бодон хязгааргүй их баяр хөөрөөр цалгиж эргэж бараа бологсдынхоо зүг харан бахархалтайгаар гараа даллав.


Бүгшүүлэн ханиалгасаар ноёнтон зүүднээсээ сэрлээ.




Даана ч зүүд байж гэж харамсан бодож ширээнийхээ гэрлийг асаан зүүд биш байгаасай гэсэн горьдолгот харцаар өрөөгөө эргүүлэн харваас хэзээнээс ч юм сонирхолыг нь татахаа больсон ханын зураг, өлгөөтэй сэлэм, төгөлдөр хуур, зааны ясан сийлбэрүүд харагдахад өөрийн эрхгүй ярвайж орхив.

Хажууд нь сүүлийн эхнэр болох гуч эргэм насны бор хүүхэн атиралдан унтаж байна. Ноёнтон түүнийгээ "амтат кофе" гэж хошигнон дуудаж эрхлүүлдэг.


"Мөн сайхан, амьтан даа" гэж бодохын зуур өнөөх гайхалтай зүүдээ бодон эргэж хэвтлээ.


Нойр нь хэдийнээ хулжжээ.




Түүний мэдэлд байдаг сансарын судалгааны багийнхан хэдэн сарын өмнө нэгэн гайхалтай мэдээ дуулгасан нь ноёнтонг ийм зүүдийг хэдэн янзаар нь шөнө болгон зүүдлэхэд хүргэжээ


"Дэлхийгээс олон сая гэрлийн зайд очир эрдэнийн гариг байж болзошгүй, манай нарны аймагт хамаарагддаггүй, одоохондоо нээгдээгүй байгаа" гэсэн мэдээг түүний үнэнч туслах нэг орой сэмхэн хэлсэн.


Тэр даруй ноёнтон хаалттай хурал хийж энэ мэдээллийг нэг хэсэгтээ нууцлахыг тушаагаад, "баттай эсэхийг мэдэхгүй байж хүмүүсийг төөрөгдөлд оруулах хэрэггүй" гэсэн үгээр судалгааны багийнхны амыг хаасан . Гэвч дотроо түүнийг юу бодсныг хэзээний ажигч гярхай туслахаас нь өөр хэн ч гадарлаагүй биз ээ


3


Ажлын хэсгээ дуудаж судалгааны ажил ямар шатанд явж байгаа тухай асуухаар очлоо.


Хол замыг туулах сансарын хөлөг бэлэн болсон ч хөлгийг чиглүүлэн гариг дээр хүргэх мэдрэгч зайлшгүй чухал гэдгийг ахлах мэргэжилтэн хэлээд, ноёнтонг нүдээрээ дохин дуудлаа. Ноёнтон мэргэжилтэний амнаас гарах үг бүрийг анхааралтай чагнаж чингэж байхдаа хөмсгөө атируулах агаад тэр хоёрын яриа нууцхан болж өнгөрлөө. Энэ бүхнийг урьдаас төлөвлөж хонгилын үзүүрт нууц яриа болно гэдгийг тааж мэдсэн түүний туслах "урт чихт" хэмээгчийг тагнуул болгож яриаг нь сэм чагнуулсан билээ. Ноёнтоны туслах буцах замдаа "Яахаараа хүний арьс, яс, үс, тэгэхдээ бүр ховорхон төрдөг альбиносчуудын эд эс эзэнтэний мөрөөдлийн гаригт хүргэх төхөөрөмж болох ёстой байна аа. Хөөрхий хүмүүсийг энэ шуналт ч нэгийг нь үлдээхгүй л дээ. Ер нь тэгээд тэр очир эрдэнийн гариг үнэн ч юм уу, үгүй ч юм уу" гэж эргэлзэн бодож шаналантай хүндээр амьсгалан явлаа.



4


"Урт чихт" нэртэй загасчин эр сонссон дуулснаа ноёнтоны туслахад хэлж өндөр шан авч хөл нь газар хүрэхгүй дэгдэх шахам харайлгасаар хотын захад байдаг удганы хаалганд тулж очив. Жар орчим насны нэг нүд нь нээгддэггүй намхан хөх эмгэн гарч ирээд "за юу болоод харуй бүрийгээр хаалга балбаад унав аа чи" гэж шүдээ тачигнуулан үглэсээр гэртээ оруулав.


Ноёнтон, сансарын судалгааны мэргэжилтэн хоёрын яриаг сэм чагнаснаа удганд  хэлж, үүнийг сонссон удганы нүд цогтой гялалзах нь хавь ойрыг гэрэлтүүлэн асах задгай пийшингийн галд тод тодоос харагдана.


Хэзээнээс энэ нутгийн бөө удганууд энэхүү онцгой төрсөн альбин чөтгөрүүдийн сүүжний ясаар хатуу дом засал хийдэг бөгөөд биеийнх нь аль нэг ясаар чөтгөр шулмыг зайлуулдаг аж. Хүмүүс гэрт хоргодсон сүнч чөтгөр, хий үзэгдэл, ад зэтгэр өвчин зовлонгоо зайлуулахаар удганд залж аваачих боловч түүнд альбины яс ядаж үс нь байхгүй тул энэ ховор зүйлийг олохыг захиад хорыг хороор, чөтгөрийг чөтгөрөөр нь даруулдаг юм хэмээн мэдэмхийрэн ойр зуурын арга ядсан дом хэрэглээд буцдаг.


Удган эмгэн жаран настанд баймгүй энд тэндээ гажиж ургасан урт цагаан шүднүүдээ ярзайлган "одоо тэр баян ноёнтон альбин чөтгөрүүдийг авлах нь мэдээж, харин түүнийг авлах газар чи очино шүү, жимс хураасан хүний гар анхилуун гэдэг. Тэр ангуучлалаас өвдөл цөвдөл үлдэх вий, тэгэнгүүт чи шууд надад авчирч өгнө шүү би чамд том хариу барина" гэж хэлээ булталзуулан өгүүлэв.

Animated Movie GIFs

"Урт чихт" эмгэнийхээс гарч явах зуураа "өвдөл цөвдөл гарвал бүгдийг нь энэ муу эмгэн шуламд өгөх байх аа бас, багаханыг өгч их шан авна, тэгээд бас би албинуудын ясаар уурганыхаа дэгээ хийж загас их бариад баяжина, би баян болно, баян болоод хөөрхөн эхнэр авна" гэж аанай л дэгдэх мэт харайлгаж одлоо.


5




Хязгааргүй огторгуйн дундуур шувуу мэт ингэж нисдэг ч болоосой гэж ноёнтон бодон нисдэг тэрэгний цонхоор доошоо харав. Тэнд харагдах ой мод, уул хад мөн ч жижигхэн байна даа, бөгтийгөөд ажиллах тэр хүмүүс хичнээн дорой вэ, удахгүй очир эрдэнийн гариг минийх болж дэлхийн хүмүүс цэг шиг харагдах цаг ирнэ гэж шүлсээ залгин санаа алдлаа.


Нэгэн цагт түүний эзэн байгаад одоо түүнд захирагддаг болсон сансарын судалгааны мэргэжилтэн түүнд юу гэлээ. "... бусдаас онцгой төрсөн альбиносчуудын яс болон зарим нэг эрхтэн нь эрдэнэсийн гаригийн илрүүлэх төхөөрөмж бүтээхэд хэрэг болно. Баттай мэдээгээр бол энэхүү эрдэнэсийн гараг байж мэдэх гялалзан харагдах биет маш олон мянган гэрлийн жилийн зайнд орших тул энгийн сансарын хөлөг очиж чадахгүй, тэгээд ч задгай сансарт гарангуут хүссэн чигтээ явж болохгүй тул заавал чиглүүлэгч нэртэй мэдэрдэг тусгай зүйл хэрэг болно.


Зөвхөн иймийн тулд хэдэн зуун альбинос хэрэгтэй байгаа юм


Учир нь тэдний арьсанд л ийм чиглүүлэгч хийх онцгой бодис байгаа юм.


Та бол чадна, зөвхөн таны эрин үе ирж байна" гээд эзнээсээ хоол горьдсон нохой шиг нүдээр харж байсан.


Тиймээ миний эрин үе ирж байна" гэж ганцаараа нуг нугхийн инээх зуур орчуулагч хүүхэн эрхэм ээ "чөтгөрийн уул"-нд ирлээ одоо удахгүй бууна гэв.





6


Дөнгөж саяхан л ангуучид ирээд ганц найзыг нь чирээд явчихсан тул хүү хясааны сүүдэрт бүжингээ тэврэн гуниглан сууна.


Яг л адилхан бор ээжтэй, бор аавтай байж хүү шиг хувхай цагаан төрчихсөн, хамартаа үргэлж бөмбөг шиг хоёр гялтгартай явдаг түүний ганц найз.


Хүү бүжингийн хэвтэр доорх нуувчнаасаа завсар гарган харахад найз нь өөр лүү гүйгээд ирж явтал яг л цахлай загас шүүрэх шиг хар хувцастай хүн аваад явчихсан.



Хөл гараа хичнээн сарвалзуулан чарлаад нэмэргүй, бүх аюул өнгөрсөн ч хүү найзгүй болсон.


Анх удаа хүүгийн зүрхэнд өс санах, хариуг нь барих юмсан гэсэн хорсолт бодол орж ирсэн.


Нисдэг тэрэгний дуугаар "ээж минь " гээд хүү ухасхийн босоход шалбарсан хөлөө боож суусан өвөө нь мөн л ухасхийн босож бүгдээрээ торон хашааны хаалга руу гүйлдэв.


Нисдэг тэрэгнээс богино шар өмд өмсөж хэлхгэр цагаан цамц хайнга угласан эмэгтэй бол жирэмсэн гэмээр том гэдэстэй хүн бууж ирлээ. Араас нь нарийхан туранхай бор хүн мөнөөх хүний саравчтай малгайг барьсаар яаран алхана.


Хүүгийн горьдлого тасарч , урам хугаран хөлөө ганц нэг зөөсөөр өнөөх гэнэтийн зочдод ойртов.


Орчуулагч бүсгүй түүнийг "...нэг хотын захирагч, олон арал эзэмшдэг. Та бүхнийг бүгдээрэнг чинь аврахаар ирсэн хүн" гэж танилцуулахад настан альбиносчууд баярлалдан хөөрч мөнөөх ноёнтонг бурхан гэсэн нүдээр харан сөгдөж мөргөцгөөнө.


Хүүгийн өвөө ч бас мөргөж байгаа тул хүү дагаж газарт суув. Цатгалан муур шиг үзэгдэх тэр хүн орчуулагчид үг хэлж , орчуулагч хүмүүст дамжуулсаар үд өнгөрлөө.


Ноёнтон зажилж байсан бохио газарт тургиад "өнөөдөр би нэг хувийн арал руугаа гурван хүнийг л авч явна, эргэж ирээд та нарыг бүгдээрэнг чинь зөөж шинэ арал дээрээ үүрд жаргалтай айх аюулгүй амьдруулна" гэв.


Хөгшин залуу, хүүхэд гэсэн насны ангилалаас тус бүр шилэгдсэн гурван хүн ийнхүү шилэгдсэндээ хязгааргүй ихээр баярлан нүд нь гялалзаж дух нь дээгүүр нь хөлс бурзайжээ. Бусад нь тэр гуравтаа баяр хүргэн тэврэн үнсэх аж.


Харин тэд ноёнтоны мөрөөдлийн гаригт хүргэх хөлгийн туршилтанд эд эс болон уусна гэдгээ хэрхэн мэдэх билээ.


7


Ноёнтоны бага эхнэрийг Глориа гэнэ. Глориа инээж байгаа юм шиг харагддаг нүдтэй ч их сайн харвал цаанаа шүүдэр шиг дусалхан гунигтай өндөр бор хүүхэн.


Алхаж гишгэх бүрт хотолзох гоолиг тэгшхэн нуруу, уруулынхаа завсраар хясаан дундах сувд шиг харагдаж танан цагаахан шүдтэй.


Глориа нөхөртөө цай аягалах зуур ирсэн зочид түүнээр нүдээ баясган үе үе харц шиднэ.


Ноёнтон ч бахархсан дүртэй ихэмсэгхэн хөлөө ачин ил гаргасан гэдсэн дээр нь нисэж буух ялааг алгадан сууна.

Орой болж нар шингэхэд ирсэн зочид буцаж судалгааны мэргэжилтэн халацуу ноёнтон хоёр үлдлээ.
Animated Movie GIFs
Мэргэжилтэн түүнд дөхөн "туршилтанд орсон гурван альбинос хүний эд эс сансарын хөлгийг чиглүүлэгч хийж очир эрдэнийг олоход яг таарсан, даруйхан бусдыг нь авчирах хэрэгтэй, яарахгүй бол болохгүй" гэж баяртайгаар аминчлан шивнэв. Түрүүнээс нааш л энэ хариуг сонсох гэж яаран бусад зочдоо хурдан яваасай гэсэн адын нүдээр харж суусан ноёнтон тасхийтал инээд алдаж, тэгснээ шүлсэндээ хахан ханиалгаж эхлэв.

Хивсэн дээр асгарсан жимсний чанамал цэвэрлэж суусан Глориа үүнийг сонсчихлоо. Нөхрийнхөө алив амны цаас гэж зангахыг ч эс харан хар хурдаараа гүйсээр цайж угаалгын өрөөндөө ороод хаалгаа түгжин толгойгоо даран суув. Уруул нь чичирч , царай нь зэвхий даажээ.


Үнэндээ зургаан жилийн өмнө түүнээс ч бас бусдын адладаг албин хүү төрсөн. Глориагийн сүйт залуу бүсгүйнхээ торгомсог бор цээжинд наалдаад мөөмөө хөхөж бүү хувхай цагаан хүүхдийг хараад бараг л ухаан алдчихаагүй ум хумгүй зугтаж харагдсан.


Цэцэглэж байсан амьдарлыг нь орвонгоор нь эргүүлсэн цав цагаан хүүгээ үзэн ядахдаа яг л хүү шиг нь царайтай аавдаа аваачиж өгөөд

" бүх юм танаас болсон, та л ийм төрсөн болохоор зээ хүү тань ийм төрлөө, таныг дуурайсан энэ чөтгөрөө ав, тэгээд чөтгөрийн ууландаа амьдар" гээд гар дээр нь шидэх шахан өгөөд эргэж харалгүй нүүрээ даран зугтсан.

Бүсгүйд үнэндээ хоёр л сонголт байсан. Хаа сайгүй альбиносчуудыг агнаж, оршуулсан гараас нь хүртэл ширхэг үс ч үлдээлгүй ухаж байсан тэр цагт хажуудаа хань ижил ч үгүй үлдсэн , хориодхон настай түүний хувьд хүүхдээ өсгөх төсөөлшгүй хүнд даваа байсан.




Харин аюул багатай, бас өөртэй нь ижилхэн хүмүүс дунд гадуурхалыг бага амсаж өсөөсэй гэсэндээ хоёр дахь сонголтыг хийж аавдаа хүүгээ аваачиж өгсөн. Төрүүлсэн үрээ орхиод нүүрээ буруулан зугтаж байгаа эхийн нулимс дуссан газраас цэцэг ургадаг байсан бол энэ нутгийн газар дээр алга дарахын зайгүй цэцэг ургах байсан биз ээ.


Төгсгөл


Олон мянган альбинос ноёнтоны зарлигаар сайхан хоол идэн, өнгөтэй хувцас өмсөж, хашигдаж байснаасаа ч илүү баяр жаргалтайгаар амьдарч байна. Эргэн тойрноо харахад уудам саруулхан газартай усаар хүрээлэгдэж дал мод шуугисан том арал. Энэ арал бүхлээрээ тэднийх гэж бодохоор баярлахгүй байхын аргагүй.


Харин том чулуун дээр сандайлан суугаад навчин тамхи татаж суугаа хүүгийн өвөө л ганцаараа гунигтай байна.


Өчигдөр охин нь түүн дээр ирсэн. Аавтайгаа уулзаж хүүгээ холоос хараад л явсан.


Охиныхоо хэлснийг бодохоор нүд харанхуйлна.


Тэднийг чухам яагаад ийм сайхан элбэг хангалуун найртай байлгаж байгаагийн учрыг олсон болохоор юундаа ч баярлаж хөөрөх билээ, яг л эзэн нь гахайгаа таргалуулахын тулд хоол сайн өгч байгаад төхөөрдөг шиг...харин энэ бүхнийг бусдадаа хэлэх л хэцүү даваа. Тэднийхээ энэ их баяр хөөрийг уйтгар гунигаар солино гэдэг асаж байгаа гал руу ус цацахтай адил. Гэвч яая гэхэв хэлэх ёстой , бүр заавал хэлэх ёстой.


Чиглүүлэгч хийх сүүлийн өдөр тэднийг гэмтээхгүйгээр, бас биед ямар нэгэн бодис хэрэглэхгүйгээр цааш харуулах бөгөөд энэ өдрөөс өмнө ирж бүсгүй аав хүү хоёроо аварна гэжээ.


Харин өвгөн бусдыгаа үхэхийг харж өөрөө амьд үлдэхийг хүссэнгүй.


Нар шингэж шарсан махны үнэр ханхлуулан энд тэнд мод чадхийлгэн дуугарна. Оройн хоолны дараа өвгөний хэлсэн мэдээ бусдыгаа яг л өндөрт нисэж яваад буудуулсан шувуу шиг байдалд оруулав. Бүгдээрээ газар ширтэн дуугүй сууцгаана.


Яахаараа ийм золгүй хувь тавилан заяасныг бурханд гомдолловч цаадах нь сонсож байгаа эсэхийг мэдэхгүй.

Ийнхүү айдас түгшүүр гуниг шаналал дүүрэн нэг шөнө өнгөрлөө.
Хэдэн жил ургасныг үл мэдэх, хэлтэйсэн бол бүхэл бүтэн түүх ярихаар том дал модны мөчирт дүүжлэгдсэн чимэглэл шиг өглөөны нар гэрэл цацруулан мандлаа. Тэдний хувьд сүүлчийн удаа харах өглөөний нар ч байж мэдэх тул хэдийгээр нарны гэрэлд удаан байж чаддаггүй ч бүгдээрээ дорно зүгийг ширтэцгээнэ.

Эрлэгийн элчийн хөлөглөсөн том хар шувуу шиг нисдэг тэрэг нарыг сүүдэрлэн ниссээр чимээ ихтэйгээр газардав.


Үхэх тавилантайгаа эвлэрсэн тэд угтаж очсонгүй ч, зугтаж одсонгүй. Эргэн тойрон цэнхэртэх их ус, хаашаа ч зугтах билээ.


Харин нисдэг тэрэгнээс Глориа орчуулагч хүүхэн хоёр бууж ирлээ.

Өвгөн хөтлөж зогссон хүүгийнхээ чихэнд нэг үг хэлэхэд хүү өвөөгийнхөө гараас алдуууран элсэн дундуур бүдчин ээжийнхээ зүг гүйлээ.

Яг энэ үед ноёнтон мөрөөдлийн гараг дээрээ хэдийнээ очжээ.


...Мөн л цав цагаан торгон өмднийхөө шуумгийг далбагануулан алхсаар очир эрдэнийн гариг дээрээ хөл тавьлаа. Гэтэл очир эрдэнэ хөлийнх нь улыг зүсээд авах шиг хүйтэн мэдрэмж төрлөө. Ноёнтон гараа том алдлаад "удахгүй та нар минийх болно, миний дэлхий дээр очино" гэж чангаар хэлээд эргэж хартал бараа бологсод нь хөлөгтөө яаран сууж харагдав. "Та нар арай миний гарагаас эрдэнэс хулгайлсан юм биш биз, муу сайн шуналын туламууд" гэж бачууран хашгиртал тэд хөөрөөд явчихлаа. Гэнэт нар харанхуйлж учиргүй ихээр даарч эхлэв.


Нар маргааш мандана, тэгэхдээ бүр долоон өнгөтэй солонгон нар мандана даа гэсэн итгэлээр ноёнтон элгээ тэврээд очир эрдэнэс дундаа сөхрөн суулаа. Энэ гариг дээрээ тэр үүрд үлдсэн юм.


Учир нь ноёнтон зүүдний гаригаасаа эргэж ирсэнгүй.


Цагдан сэргийлэхээс хүн дагуулан сүр бараатай орж ирсэн түүний туслах хоцорчээ.


Харин цонхоор нэг удган эрвээхэй орж ирэн ноёнтоны орны дэргэд хэдийнээ асаасан зулын гэрэлд шохоорхон эргэн эргэн нисэх ажгуу.

Book & Candle Comments

2012-06-18


Стокгольм хот.


Б.Болормаа

Ээжийн минь урласан монгол гоёл

2012 оны 06-р сарын 05 Нийтэлсэн Болормаа