Гэгээн...
BLOGGER TEMPLATES Memes

Алчууртай захидал /Шинэ өгүүллэг/

2013 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Болормаа

Бүсгүй нүүрээ алгаараа таглан чимээгүй мэгшиж байна. Би яаж дөхөхөө мэдэхгүй, дэмий л сууж байгаа саравчыг нь тойроод зогтуслаа.

Уйлж байгаа хүнд ойртоход ийм хэцүү байдаг гэж мэдсэнгүй. Урьд нь би олон хүнийг уйлуулж ч байсан нь үнэн.

"Эр хүний нулимс үзсэн хүн жаргадаггүй юм" гэж эмээ минь үе үе л эрхиэ эргүүлж маань мэгзэм уншаад өнөөхөөрөө адис өгнө.

Би  түсхийтэл инээд алдаж "эмээ одоо бурхан багш уу" гээд л гарч одно.

Ийм том нүд уйлвал их том нулимс унана даа гэж хайр гуйн цавчлах нулимстай хар сормуусыг хайнгахан хараад өнгөрдөг байж..

Харин тийм олон нүдийг уйлуулж байсан намайг ганц л хүн уйлуулаад одсон юм.

Хувин хувингаар цутгах шиг усан борооны дараах нэгэн  үдэш газарт буусан мананг нэвтлэн аажуухан алхсаар дэргэд ирээд "одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ" гэчихээд мөн л манан дундуур уусах мэт аажуухан алхсаар  алга болсон юм. Хөшиг мэт тэр манангийн цаана түүнийг минь хүлээж байсан  том шүхэртэй , цааш алхахад нь  цагаан алчуур нь үл мэдэг дэрвэж байсан тэр бүсгүй одоо жаргалтай байгаа болов уу...

Хэд хоногийн өмнө сонсохнээ тэр сүй тавих гэж байгаа гэсэн.

Миний л зүүх ёстой сүйн бөгж ямар азтай бүсгүйн хуруунд адтайгаар гялалзаж байгаа бол.

Миний л үнсэж сэрээх уруул ямархан хүний уруулын тамгатай болоо бол. Хамгийн анх миний бэлэглэсэн хар судалтай зангиаг одоо зүүдэг болов уу...

Цонхоор урсах мэт орж ирэх хаврын зөөлөн салхи хараахан унтраагүй дурлалын цогийг өдөөн асаах мэт миний оронд баяр хөөртэйгээр инээж яваа тэр азтай сүйт бүсгүйг харах адын бодол хоромхон ч зүгээр суулгасангүй.

Харлаа гээд яах юм бэ дэмий л сэтгэлээ сэмлэхийн нэмэр гэж бодсон хэрнээ өөрийн эрхгүй цүнхээ шүүрэн гарсан байлаа.

Нимгэн цагаан хүзүүний алчуур нь сандал  дээрээс  гулсан унаж хийсэх аядахад  арайхийн нэг уулзах шалтаг олсон би ухасхийн гүйж очоод алчуурыг авч түүнд ойртлоо.

Цав цагаан тэр алчуур бороонд норсон юм шиг л шал нойтон.

Хүн бас ийм их уйлдаг байжээ.

Намайг дөхөж очихыг мэдсэн тэр мөрөө чичрүүлэн мэгшихээ болиод шанхныхаа үсийг хойш илбэн толгой дохиж байна.

Тав юм уу зургаан сартай жирэмсэн бололтой дэргэдээс нь анзаарвал хэвлий нь нэлээд томорчээ.

Тэгснээ алгаараа нүүрээ арчин огт уйлж байгаагүй юм шиг тунгалаг инээмсэглэл нүүрэндээ  тодруулаад "гадаа гоё байна шүү тээ, хавар болоод" гэв. Миний өнөөх сүйт бүсгүйг нь харах гэсэн адын бодол замхран одож сэтгэл минь  аль хэдийнээ түүний шөнийн тэнгис шиг гүн хар  нүдний нулимсан дотор амь тэмцэн живж  байлаа.

"Харин тиймээ,  хавар болж байна, ийм сайхан цагаар яагаад уйлж суугаа юм бэ, адилхан эмэгтэй хүмүүс байна даа, надад хэлээч дээ" гэж аргадан асуулаа.

"Өчигдөр сүй тавих өдөр  байлаа л даа, гэтэл нөхөр болох залуу маань ирээгүйгээр барахгүй ийм зурвас хаалганы гадна үлдээсэн байна" гээд гар нь ялимгүй чичрэн халааснаасаа үрчийж базагдсан цаас гаргаж ирлээ.

Тохой залган суусан цагаасаа эхлэн танил болсон түүний бичгийн хэв яг л хэвээрээ.

"одоо зүгээр л сайхан найзууд хэвээр үлдье дээ" гэж яаруухан бичжээ.

Бүсгүй үг хэлэх гэснээ болиод ахиад л мэгшив. Үнэндээ би юу гэж хэлэхээ мэдэхгүй байлаа. Аргадах олигтойхон үг ч олдсонгүй.

Зүгээр л надаас туранхай биетэй турьхан түүнийг энгэртээ тэврээд уйлж тайтгартал нь хүлээсэн юм.

Нэгэн сэтгэл нь онгойсон бүсгүйд би өдрйин тэмдэглэлийнхээ хуудас бүхэн дээр бичдэг нууц үгээ аяархан хэлээд гараа даллан хоцорлоо.

Бүсгүй баяртайгаар эргэн эргэн харсаар цагаан цувных нь хормой дэрвэж булан тойроход цээжин дотор хүндээс хүнд зангуугаа хаясан нэгэн хөлөг онгоц өөр  зүгт хөвж эхлэв.

Тэр алчуураа надаас авахаа мартчихаж. Миний гарт нулимс дүүрэн цагаан алчуур ирээдүйгээс надад илгээсэн захидал мэт атгаастай байна.

Булан тойроод одсон тэр бүсгүй миний ирээдүй байх байсан юм бол харин миний өнгөрсөн цаг тэр ойролцоох цэцэрлэгийн модон дор дурлалт залуутайгаа тэврэлдэн зогсож байна. Урт буржгар үстэй намхаан бор охиныг тэврэн зогсож байгаа тэр залуу хэзээ ч салахгүй юм шиг чангаас чанга тэвэрдэгийг нь, хэзээ ч холдохгүй юм шиг гараас атгаад алхдагийг нь би  мэднэ ээ.

Учирсан түүнийг нь надаас илүү хайрлаарай бурхан минь

Уйлж суусан тэр бүсгүйд итгэл хайрлаарай амьдрал минь...

2013-02-05

Стокгольм хот.

"Элсэн цаг" буюу эмэгтэй хүний тухай бодол

2013 оны 01-р сарын 21 Нийтэлсэн Болормаа

Эргийн салхи сөрөн цэнхэр өнгийн усны хувцастай, тэшхэн шилбээ гялалзуулан алхах үзэсгэлэнт шаргал үст том малгайн доороо зүүрмэглэж хэвтсэн миний нойрыг аль хэдийнээ хулжаагаад зогсохгүй нүдийг минь дагуулж сэтгэлийг минь оосорлоод явчихлаа.
Өдөр бүр л метронд тааралддаг өндөр биерхүү шаргал үс цэнхэр нүдтэнгүүдээс тэр нэг л өөр. Бүр нэг л онцгой юм.
Нарнаас асгарч байгаа туяа түүний гэзгэнд шингээд тэгээд гэрэл цацарч байна уу гэмээр харагдана.
Хэн гэдгийг нь мэдэхгүй ч би тасар нарийн бэлхүүстэй түүнийг "Элсэн цаг" гэж нэрлэсэн. Нэрийг нь мэдэхийг ч хүсэхгүй, учир нь тэр өөр хэн нэгний элсэн цаг бололтой хөл цээж нь битүү үсэрхэг "сармагчин төрлөөсөө салаагүй" нэгэн урдаас нь гараа алдлаад гүйж явна.
Эмэгтэй хүн бол элсэн цаг юм байна. Ээж минь, эхнэр минь ч ялгаагүй элсэн цаг.
Учир нь тэдний зүрх нь цээжиндээ лугшиж байхад, бас нэгэн бяцхан зүрх хэвлийд нь цохилж байдаг. Тэр бяцхан зүрхний эзэнд амьдрал бэлэглэхээр аминаасаа амь тасалдаг. Тэгээд зогсохгүй үртэй болсон өдрөөсөө эхлэн түүнийхээ төлөө элэгдэж эмтэрч, элсэн цаг шиг урсаж эхэлдэг.
Тэгж ярьвал эр хүн ч бас ер нь хүний амьдрал тэр чигээрээ элсэн цаг аж. Эхийн хэвлийд бүрэлдсэн өдрөөс эхлэн амьдралын нөгөө туйл руу урсаж эхэлдэг .
Ээ энэ элсэн цаг шиг галбиртай тэр шаргал үстийг хараагүй бол би ээжийгээ, эхнэрээ бас удахгүй бас нэгэн элсэн цагийг бүтээх охиноо ойлгохгүй явсаар өтлөх байж...
Тохь суусан тавин насны босгон дээр сормуус онож дусалсан борооны ганц дусал шиг үзэсгэлэнт "Элсэн цаг" минь баяртай.
Намайг гурвын гурван элсэн цаг, эсвэл бүр элсэн цагийг бүтээгчид гэртээ хүлээж байгаа.
Харья даа..
2013-01-12
"Стокгольмын тэмдэглэл"-ээс

"Нүдэнд живсэн сар" / шинэ өгүүллэг/

2012 оны 11-р сарын 20 Нийтэлсэн Болормаа

Залуу нүдээ анин дахин дахин хөмсөгөө атируулан ямар нэг зүйлийг бодол дотроосоо эрсэн мэт гараа салаавчилан хэвтэнэ.

Хөөрхөн хонхойдог хацар, хацрынхаа дээхнэ байдаг мэнгэ, дандаа л инээмсэглэж байдаг бумбагар час улаан уруул, буржгардуу бас сэв нь дарагдаагүй үс, цаашлаад жаахан майгадуу тэр нь ч хөөрхөн харагддаг хоёр нарийхан хөл, аан тийм өтгөн бас урт хар сормуус...

Glitter Girl Animated Cute

Гэхдээ хайртай түүнийхээ нэг л зүйлийг сэтгэл дотроосоо хичнээн хайлаа ч олсонгүй.

Нүдээ нээж хязгааргүй  одот огторгуйн дундаас хайж байсан зүйлээ эрэх мэт удаан ширтэн хэвтлээ.

 Гэвч тэнд бас нэг зүйл дутуу санагдахад юу гэдгийг нь олох гэж тэгтлээ оролдсонгүй, гэнэтхэн л огло харайн босож гадуур цамцаа шүүрэн тагтан дээрээсээ гүйх шахам буулаа.

2

Бодох тусам бүр бодохоос л улам ихээр хайр хүрээд жижигхэн гарыг нь атгахсан, тэгээд тэр гарынх нь ядам хуруунд нь олон хоног хадгалсан бөгжөө зүүж өгөөд миний эхнэр болооч гэж гэж сөгдөн гуйна.

Тэр дуу алдаад инээхээрээ улаа бутардаг хацраа алгаараа дарна даа.

Ингэж бодохоор  зүрх нь эгээтэй л үүрээ эвдээд нисэх гэж байгаа зулзган бүргэд үсрэн цовхчих мэт эсвэл үерлэсэн их ус эргээ балбан байх шиг булиглан цохилж, дуулан хашгирч зүрхнийхээ тушаалаар хоёр хөл нь улам хурданаар гүйнэ.

Гэр нь ойртоход   халууцаад хөлөрчихсөн ийм царайтай харагдахгүйн тулд норсон цамцаа тайлан хэсэг алхлаа.

Танилцаад бүтэн жил болж байгаа хэрнээ түүний зүг алхах бүртээ ингэж догдолдогоо хэзээ болих бол гэж бодон ганцаараа инээд алдаад  дээгүүрээ өргөст тороор тойруулсан том хүрэн хашаанд дөхөж очив.

Түүний хайрт нь хашаанаасаа гарч ирэн өндөр өсгийтэй гутлан дээр ганхах мэт алхсаар үүдэнд нь зогсож байгаа хөлсний тэргэнд ууттай юм оруулж байна. Өнөөх майгахан жаахан охин үсээ цэмбийтэл шууж унжгар ээмэг нь жаргаж байгаа нарны туяанд гялтаганан харагдах нь хэзээний намба суусан айлын эхнэр мэт.

Гэтэл тав зургаа орчим насны эрэгтэй хүүхэд "ээж ээ , ээж ээ би ч бас аавыгаа тосьё л доо" гэж дангинатал хаагдах төмөр хаалганы цаана уйлагнан орилсоор хөлсний тэрэг тоос бужигнуулан асаад хурдлан одлоо.

Тэр уг нь хайгаад байсан зүйлээ олсон юм.

Хэзээ ч түүн рүү харж байгаагүй, эгцлэн ширтээд үг хэлж байгаагүй сормуусандаа тэврүүлээд  нуугдчихсан тэр нүд.

Ганц ширхэг тамхи асаан мушгиран гарч байгаа утаанд нь гомдол шаналалаа дайх мэт уужимхан санаа алдлаа ч цээжний цаана татсан өтгөн манагн яахан дундлах билээ.

Ургаа чулуун дээр сандайлан суугаад халааснаасаа түүндээ өгөх гэж байсан нэг хувь зургаа гаргаж ирэн харав.

Үдэш бүр тагтан дээрээ зогсоод хардаг шөнийн тэнгэр шиг тас харанхуй хэрнээ нууцлаг тэр нүд зурган дээрээс хэзээ ч түүнийг ширтэж байгаагүйгээрээ цоо ширтэн байна.

Түүн рүү хэзээ ч хардаггүй тэр нүдийг л харах гэж залуу "хамтдаа ганцхан зураг авахуулья" гэж түүнийгээ залхтал нь гуйсаар хоёр өдрийн өмнө энэ зургийг авахуулжээ.

Тэр үдэш тэнгэрээс олоогүй зүйл минь сар байж, харин түүний нүднээс олоогүй тэр зүйл бол хайр.

Тэгэхээр сар хуурамч, хайр бас  түүн шиг хуурамч.

Сарны гэрэл нарных, түүний хайр ч бас хүнийх... Сар аа чи хуурамч, чи хуурамч...

Хашгирах дуунаас нь цочиж дэрсэн дундаас хэдэн бор шувуу дэрхийн ниснэ.

Хөлсөндөө норсон бие нь даарч, даарсандаа оройн жихүүн салхинд дагжин чичирч эхлэхэд цамцаа өмсөн гэрийн зүг алхлаа.

Тэнгэрт тэврүүлсэн оддын доор нөхрөө тоссон бүсгүй одоо хамтдаа харьж яваа даа, нүдэнд нь живсэн тэр сарыг хайртай тэр нь үнсэн үнсэн энхрийлж  байгаа даа...

2012-11-19

21:37

Стокгольм хот.

"Аз жаргал"-ын тухай ганц хуудас өгүүллэг

2012 оны 10-р сарын 29 Нийтэлсэн Болормаа

Ангийн багш нь  өдөр дунд  Амираг дуудууллаа.

Бараг юу гэж хэлэх байгааг нь мэдэж байсан тул дуртай дургүй хөлөө  зөөн алхсаар байнга шахуу дуудагдсаар бараг танил болсон  багш нарын өрөөний хуучин модон хаалгыг зөөлөн  тогшив.

Байн байн нүднийхээ шилийг дунд хуруугаараа эв хавгүйхэн янзлах хижээл насны багш эмэгтэй гарч ирээд Амираг дагуулан булангийн цонхны  дэргэд очлоо.

"...чи өөрийгөө нэг хараач, анги хамт олныхоо, багшынхаа, цаашлаад сургуулийнхаа бүр адаглаад өөрийнхөө нэрийг бодооч, хэзээ ч миний удирдсан ангийн хүүхдүүдээс чам шиг гэдсээ чирч байсан нь байхгүй" гэв.

Өмнөх өдөр нь багш нь сүглэгэр том моддын доор цуглаад хонхны баярын талаар хөөрөн ярилцах ангийнханых нь дунд нэг айхтар хоолойгоо зассанаа "Тэр хонхны баяр маяр яах вээ, энэ гэж нэг юм тахиа шиг өндөглөж, тарвага шиг өөхөлсөн шалхайсан шар авгай болох шинжтэй, та нар өөр өөрсдөө дор бүрнээ замбараатай байхгүй бол энүүний мөрөөр алхана шүү дээ, ямар юмных нь аз жаргалтай амьдрал, мөрөөдөхийн ч хэрэггүй" гэв. Хүүхдүүд түүн рүү өрөвдсөн, дооглосон зарим нь багш руу илт тал зассан байдалтай харахад  Амира "багшаа тэгвэл таныхаар аз жаргал гэж юу юм бэ" гээд чангаар асууж орхилоо.

Барагтай бол инээдэггүй багш түсхийтэл инээд алдаж "чи одоо энүүхэнийг мэдэхгүй байна гэж үү, чи аз жаргал гэж мэдэхгүй байгаа юм чинь, түүнийг хэзээ ч олохгүй" гэв.

Амира "үгүй ээ хүн болгоны төсөөлдөг аз жаргал өөр өөр байдаг юм аа, таны хувьд хоёр дээд сургууль төгсөж цаашдаа улам амжилттай ажиллах аз жаргал юм бол миний хувьд яг ээж шигээ хөөрхөн охинтой болох л аз жаргал".  Ингэж хэлмээр байсан боловч урьд шөнийн зүүдэнд нь ирж хэвлийг нь зөөлөн иблэсэн ээжийнхээ гарыг бодон өөрийн эрхгүй зангиран гарч байгаа нулимсаа  шороон дээр дуслуулан чимээгүй тонгойн суулаа.

Тэр доор газарт хүртэл нэг жижигхэн шоргоолж манцуйтай хүүхэд шиг том цагаан авгалдайгаа үүрээд хурдалж явна.

Animated Baby in the eye

Ээжийн ганц охин, ээж нь ч бас хүний ганц үр. Нүдэнд торох бараагүй цагаан талд бороо тосон мөчирөө сарвайж ургах ганц мод шиг  хүний тавилан ямар өрөвдмөөр байдгийг өмд гутлаа булаацалдаж өнөр өтгөн өссөн түүний багш мэдэхгүй.

Бас амира охин залуугаараа өөд болсон эхээсээ үлдсэн урт хар гэзэгийг нь  чихмэл тоглоомынхоо дотор хийж үнэр нь бараг арилсан ч тэврээд унтах бүртээ ээнэгшин  ээнэгшин санаа алддагийг ч мэдэхгүй.

Эль хульхан том байшингийн дунд гэрийн бараа хардаггүй аавыгаа хүлээж суугаад нэг л мэдэхэд ширээ дэрлээд унтчихсан байдаг түүнд хүн гэдэг хүүхэд гэдэг ямар эрхэм эрдэнэ болохыг  адын нүдээр тавлан  харж байгаа хэн бүхэн мэдэхгүй.

Маргааш өдөр нь Амира  сургуульдаа ирсэнгүй.

Гэхдээ том хүрэн самбар дээр " АЗ ЖАРГАЛ ГЭЖ ХҮРЭХ НЭГЭН ӨРТӨӨ, ОЧИХ НЭГЭН ЗОГСООЛ БИШ, АЯЛАХ ЯВЦ ЮМ, ХҮН БҮХНИЙ АЗ ЖАРГАЛЫН ЗАМ ӨӨР ӨӨР БАЙДГИЙН УЧИР БИ ӨӨРИЙНХӨӨ АЗ ЖАРГАЛЫН ГАЛТ ТЭРГЭНД АМЖИЖ СУУХААР ЯВЛАА, ТА БҮХЭНДЭЭ ТӨГСӨЛТИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЬЕ, ХҮНДЭТГЭСЭН АМИРА"   гэж томоор дурайтал бичээд үлдээжээ.

2012-10-28

Стокгольм хот.

Нулимстай дурдатгал

2012 оны 10-р сарын 13 Нийтэлсэн Болормаа
Миний гарын алганаас ч том навчис хацар алгадан яг л бороо шиг шаагин унасаар. Урьд нь би навч ийм ширүүн унадгийг мэдээгүй байсан уу, эсвэл өнөөдөр өглөөний жиндүүхэн салхинд тэр навчис бээрсэндээ бөөн бөөнөөрөө унасан уу. Унаж байгаа навчисын дор уйлаад л, нулимсаа арчаад л алхаад байлаа. Үнэндээ дан савхин хүрэмтэйдээ салхинд жиндэж даарсангүй. Өглөө босоод зүрх шимшрүүлж, сэтгэл хоосруулсан тэр гунигт зурвасыг хүлээн авсандаа хамгийн их даарч явлаа. 2009 онд би гуравдугаар курсын оюутан байхдаа “Цог” сэтгүүл дээр дадлага хийлээ. Үнэндээ бол улиралд нэг гардаг сэтгүүлийн дадлага гэж юу байхав, юм шивнэ, эсвэл зума тоглонгоо ах эгч нарын ам чагнана, үе үе архи кофе хоёрт гүйсээр тэндхийн дэлгүүрийн худалдагч бүүр таньдаг болчихсон ямар сайндаа “Хүүхээд чи их уух юм аа тээ“гэж байхав дээ. Цэнд-Аюуш гэж нэг том амьтан адилхан нэг ангийнх байж бас энийг ингэ, тэрийг тэг гэж “даргална”. Цэнд-Аюуш, Л.Хасар ах, Л.Ганзул ах гурав тэр үед “Цог” сэтгүүлд ажилладаг байсан юм. Нэг өдөр гаднаас үстэй дээлтэй, нэг ташаандаа дурангаа, нөгөө ташаандаа ширэн цүнх үүрсэн хурган малгайтай хүн орж ирлээ. Ах нь Дундговиос ирсэн хөдөөний хүн, мөд буцна гээд цэцэн цэлмэг тод хурц яриагаараа ам ангайтал “булж” байгаад “хүүе тэр ноднингийн “Болор цом”-д шүлэг уншдаг Бандийн Болормаа чинь Увсынх бил үү, “...Намайг явсны маргааш, намар болчихож гэнэлээ, би зун байж” гээд гүй мөн айхтар мэдрэмжтэй хэлсэн шүү” гэж байна. Би ч яасан тэвчээргүй, тогтворгүй байсан юм. Тээр тэнд байгаа компьюторынхоо цаанаас өндийж “биш, Баян-Өлгийнх” гэдэг байгаа. Хасар ах , Зул ах хоёр инээдээ барьж ядан тонгойгоод хөхрөлдөж байна. Ингэж би Осоржин гэдэг тэр эгэл хэрнээ эгэл биш хүнтэй танилцсан юм. Тэгэхэд ах минь “энэ жил хөдөөнөөс Уранцэцэг, Саранчимэг гээд хоёр охин ирнэ, ай даа бас л мэдрэмжтэй шүү, тэр хоёрыг би чамд танилцуулж өгнө, чи л цаад хоёртоо ойрхон байгаарай” гэж захиж билээ. Урнаа, Сараа хоёр ч оюутан болоод ирсэн, яруу найргийн наадамд шүлэг уншиж байхад нь очиж сонсон наадмын дараа танилцаж билээ. Үе үе л Урнаагаар миний анхны номыг нэхүүлнэ. Би гэдэг залхуу завгүй хоёрын дундах амьтан Зохиолчдын хороон дээрээс ганц номоо аваад явуулчихаж чадахгүй байсаар “би өөрөө олоод авчихсан, их үнэтэй хүн шүү та” гэсээр нэг өдөр уулзалдлаа. Урьд өдөр нь Аюуш надад “за чи Осоржин ахад алуулсаан, чамайг ална гэж байналээ, хулхи охиныг олохдоо л олж номыг нь авна гээд сураглаад явж байналээ, гоё хүн шүү тээ” гэж хэсэг “сүрдүүлээд” явсан. Наашаа явахын өмнө гадаад явах гэж байгаагаа хэлтэл ах минь хүүгээ бас, Уранцэцгийгээ дагуулчихсан нэг буйдхан кафед ирж билээ. “Ах нь залуу байхдаа Германд сурахаар очиж байсан,, Хэй Гитлер гэж л мэндэлнэ шүү” гээд л ярина. Маш хурц гялалзсан нүдтэй хүн сэн. Тэгээд аян замыг минь ерөөж билэгтэй сайхан үг бичин Гочоогийн Бадам гэдэг яруу найрагчын шижигнэсэн шүлэгтэй хоёр сайхан ном бэлэглэсэн юм. Тэр хоёр ном л надад эх орон, элгэн нутгаа санахад харийн газар хань болсоор. ..Сайхан хүний өгсөн, сайн ном хүнд ямар их хань болдог юм бэ. Нэг л өдөр бурхан ингээд, ингээд л буцаагаад авчих байсан юм бол яагаад “ах нь чамайг ирэхэд хэдэн шүлгээ хавтаслаад хүлээж байна” гэж итгэл дүүрэн хэлүүлдэг юм бэ. Нээрээ л шүлгийн номоо гаргаад хүлээж байх юм шиг би утсаар ярихгүй хичнээн удсан юм бэ. Би өчигдөр яах гэж “зураг болно үлдэнэ би, зураг болно үлдэнэ бид...” гэж ёрын шүлэг бичсэн юм бол. Үг хоолой дээр тээглээд үзэг сөхрөн уналаа. Сайхан ах минь бурханы оронд төрөх болтугай. Ум ма ни бад ми хум 2012-10-12

Хорин насны зураг

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа
Хорин насны зураг
Шаналал хүлхэн, хаврын зуун шөнөөр лаа уйлуулж
Саранд дурлаж, зузаан дэвтэр дүүрэн шүлэг бичсэн
Их л тогтворгүй яг л далайн түрлэг хорин насны зураг минь
Нэг их томоотой юм шиг уруулаа тас жимийчихэж...
Шанх руу унжсан үснийхээ гогцоог
Чихнийхээ араар хийе гэлээ ч гар үл хүрэх
Цаг хугацааны шилэн хананы цаанаас
Чамайг одоо харахад далайн түрлэг сонсогдох шиг...

Зуун жилийн дараа, зуу байтугай тавин жилийн дараа

Зураг л болон үлдэнэ би, зураг болон үлдэнэ бид
Уйлж инээж байсан минь салхины эвхээсэнд шингээд
Хувааж уусан ундааны сав салхи жимбүүрдэн тоглоно...

Гэнэт асгарсан аадар шиг, аадрын дараах солонго шиг

Шуугиж ирсэн үер шиг, үерт үрэгдсэн цэцэг шиг
Навчны настай амьдарлыг газрын зүрхээр хайрлана
Надтай тааралдсан хүмүүсийг тэнгэрийн нүдээр харна...
2012-10-11

http://www.miniih.com/miniiblog/pleasure/files/7e2dd2561fc0f392fd81b9d2337504ce.gif

Навчин аялгуу

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

                               Эрхэм ах хөгжмийн зохиолч Б.Бат-Өлзий танаа зориулав.

Цантсан цонхыг хуруугаараа арчвал

Цаана нь таны ноорог шиг намар цаг,  ах минь

Утасны модон дээр хэдэн болжмор сууж нисэх нь

Нотны тэмдэгтэй дэвтэрийн хуудас шиг дотнохон

Баяр гунигийн өнгө хосолж томолдсон

Төгөлдөрийн даруул шиг амьдрал дунд

Зүрхэнд тань ургасан билгийн модны үзүүрээс

Зөөлөн зөөлнөөр унах нь сэтгэл сэмлэх навчин аялгуу...

Тэр навчис тасарч унасан эгшинг хэн ч давтахгүйн учир

Тэр билгийн модны үндэс тэнгэрт оршдогийнх

Тэнгэрийн од харваж унахын шалтаг олоод

Аялгуу төрөх агшинд тэнгисийн гүнд сувд болно.

2012-09-29

Стокгольм хот

Amazing Girl Animations (22 gifs)

Итгэл хэмээх их уулын минь
Элсний ширхэгийг хүмүүс атга атгаар зөөн
Гарынхаа салаагаар цувуулж зам татуулан одохдоо
Гарцаагүй надад ухаан суулгасан юм.

Хүн хүнийхээ итгэлийг хулгайлсаар

Хүн нь хүнээ чоно болгодогийг мэдээгүй тэд
Шархадсан чоныг үүрэнд нь авлахаар
Шаналан дундуур минь туучиж ирдэг юм.
2012-08-15
Stockholm Hцgdalen

Бүтээгч гүйцэтгэгч хоёр

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

Нэгэн их хотын алдартанууд  цуглаж шагнал гардуулах ёслолын арга хэмжээ эхлэхэд жүжигчин бүсгүй,  зохиолч залуутай нэг ширээнд суужээ.  Гэтэл зөөгч  охин ирж жүжигчин бүсгүйд хандан "...би таныг их шүтэж явдаг, таны хамгийн сүүлд тоглосон кинон дээрээ их гайхалтай үг хэлсэн шүү, таниас тэр үгийг тань бичүүлж гарын үсгийг тань авч болох уу" гэжээ. Жүжигчин бүсгүй ихэмсэг гэгч нь толгой дохиж алмазан шигтгээтэй нарийхан үзэг гаргаж ирэн "цамцан дээрээ юу, эсвэл нуруун дээрээ юу" гэж асуухад зөөгч охин "үгүй ээ, би өдрийн тэмдэглэлийнхээ хуудсан дээр бичүүлье" гэж хормогчныхоо халааснаас модон хавтастай хуучин дэвтэр гаргаж ирэв. Бүсгүй ярвайсан боловч толгой дохин сүмбэн цагаан хуруугаараа чамин үзгээ хашиж бариад охины ноорхой тэмдэглэлийн дэвтэр дээр бичих гэтэл түүнийг алдаршуулсан өнөөх гайхамшигт үгийг хэдийнэ мартжээ.

Тэр ийнхүү самрагдаж түүнийгээ нуух аядан тэс хөлдүү инээмсэглэл тодруулан зүгээр л муруй сарий гарын үсгээ сараачихад зохиолч залуу дэргэдээс нь " Гоо үзэсгэлэн гундаж, голын уснаа навч хөвнө, орчлон дээр бие үгүй болоход, оюун санаа л гагцхүү зүрх болж үлдэнэ" гэв.

Бүсгүй гайхан толгойгоо өргөн харвал түүний тоглосон киноны зохиолыг бичсэн цагаач залуу байлаа. Түрүүнээс нааш дэрвийлгэж будсан урт сормуусаараа гивлүүр болгон халхалсан тас хар нүд нь урд нь суугаа том биетэй залуу эрийг харсангүйдээ сандран цавчилж хацар нь улаа бутрах нь улам ч үзэсгэлэнтэй харагдуулав.

Зохиолч залуу түүний үзэсгэлэнтэй төрсний  төлөө хундага өргөөд ийн хэлэв.  "Та намайг түрүүнээс нааш хараагүйд гайхах юм алга, учир нь бүтээгч гүйцэтгэгч хоёрын дунд их зай бий" .

Amazing Girl Animations (22 gifs)

2012-08-25

Стокгольм хот,

Б.Болормаа

Амь /өгүүллэг/

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

... Лангуун дээр эгнүүлэн тавьсан махнууд гэнэт амь орж арьсаа хуулуулсан нүцгэн улаан амьтан болоод шүдээ ярзайлган урдаас дайрч эхэллээ.

Барагцаалбал нэг сүрэг болохоор өнөөх нүцгэн амьтад улам ойртсоор...

 Яах ч учраа ололгүй баруун тийш харвал авралын гарц болох шар төмөр хаалга харагдав. Лангуун дээгүүр түүн лүү улам ойртон гэтэх тэр амьтад ганц л хөдөлгөөн хийх юм бол хүзүү рүү нь хадахад бэлэн харагдана.

Тэрхэн зуур орчин тойрноо тойруулан харж байгаад шалавхан хөдөлж лангуун доогуураа шурган орж эргэж харалгүй гүйлээ. Гүйсээр байгаад сая нэг амьсгаа авч эргэн харвал өнөөх улаан нүцгэн амьтад алга болсонд нь баярлаж урагшаа алхлаа. Гэтэл гарах хаалганы үүдэн дээр цусаа шүүрүүлэн зогсох нүцгэн амьтад бүслэн зогсжээ...

Ингэж зүүдлэн хар дарсаар арайхийн сэрвэл хөшигний завсраар тас хар шөнийн тэнгэр харагдах нь үүр цайгаагүй байгаа бололтой.

Бүсгүй босон гэрлээ асааж нэвт норсон биеэ арчаад усанд орохоор угаалгын өрөө лүү гээ оров.

Шүршүүрийн бүлээн ус сад тавин бүсгүйн дээрээс асгарахад саяын аймшигт зүүдээ  мартахыг хичээн биеийг нь даган урсах усан дуслуудад айдсаа дайж явуулж байгаагаар төсөөлөн нүдээ аньлаа.

Тэр хүн түүнд хүн муу санаж онцгүй үг хэлэхэд, эсвэл хэн нэгнийг гомдоохоороо голдуу ямар нэгэн таагүй зүйл тохиолдоход усанд ороод нүдээ анин таагүй бүхнээ усны дусалтай хамт урсгаж байна гэж төсөөлж тэгснээрээ сэтгэл нь хөнгөрөн сайхан болдог билээ.

Гэвч төсөөлөл нь нэг л төгс болж өгсөнгүйгээр барахгүй харин ч дээрээс нь асгарах шүршүүрийн ус өнөөх нүцгэн амьтадын цус болон урсаж байгаа юм шиг санагдахад сандаран нүүрнийхээ усыг шавхраад нүдээ нээлээ.

Гэтэл гарынх нь алга үнэхээр цусанд будагдсан байх бөгөөд бүсгүй тэрхэн зуур ухаан алдан уналаа.

Удахгүй хавар болж охид хүүхнүүд гангалан алхах урин цаг ирж байгаа тул нөхөр нь хятадаас бараагаа татахаар урьд өдөр нь явжээ. Үе үе л бүсгүйн нөхөр бараагаа авчирахаар урд хөршийг зорьж ирэх болгондоо эхнэртээ нүд унагам сайхан хувцас хунар, үнэт эдлэл авчирч өгнө.

Үеийнх нь хүүхнүүд дэлхийн алдартай брэнд ярилцаж өмссөн гутал барьсан цүнх зүүсэн гоёлоороо зиндаархаж  гайхуулан ярих боловч Минжингийн өмссөн зүүснийг хараад чимээгүй болно.

Хэдийгээр "хужаагийнх" гэдэг муу нэртэй боловч түүний нөхрийнх нь авч ирж өгдөг гоёл чимэглэл хувцас  ямар ч брэндийн хувцаснаас илүү ганган дэгжин төдийгүй материал чанараараа ч дагуулахгүй.

2

Амгалан ийм зүйл харж байгаадаа нүдэндээ  итгэсэнгүй.

Түүнийг энд ирэх болгонд нь найрсагаар угтан дайлж цайлан тав тухтай буудалд байлгадаг Жин өвгөн үслэг эдлэлийн үйлдвэр дээр дагуулан ирж өмнөх сар Амгалангийн авсан шубатай хослохоор дээд зэргийн сорлог арьстай маргад эрдэнийн чимэглэлтэй булган малгай хийлгэхийг хүсэж байна гэж уламжлав.

Тэрхэн зуур үйлдвэрийн дөрвөн ажилтан торон дотор байгаа гурван булгыг гаргаж ирэн хөлнөөс нь барьж байгаад газар савахад хоёр нь ухаан алдсан бололтой тэрийн хэвтэж нэг нь хөдөлсөөр байсан тул модоор тархин дундуур нь буулгалаа.

Нэгэнт ухаан алдсан гурван булгыг гурван эр зэрэг шонгоос өлгөж доош харуулаад эхлээд гэдэснийх нь дундуур яран өвчиж эхлэв.

Жин өвгөн өөрийн мэдэлгүй ярвайн огих шахан зогсож байгаа Амгалан луу инээд алдан харж "гурван сартай булганы арьс хамгийн гоё сорлог, чи битгий ай, эд нарыг үхүүлэхгүй арьсыг нь хуулах хэрэгтэй, хэрвээ үхчихвэл арьс нь гоё байхаа болино" гэлээ.

Хэдийгээр ухаан алдсан ч арьс мах хоёр нь хурц мэсээр салж байгаа тул нялх булганууд сарвалзан тийчилж муухай орилж байв.

Амгалан цаашдаа харж тэвчсэнгүй.

Хөмсгөө атируулан нударгаа зангидан эргэж алхлаа.

Жин өвгөн араас нь гүйн ирж "чи яаж байна аа, тохиролцсон наймаа хэвээрээ биз дээ, чиний авсан булган шуба эд нарын эхийн арьсаар хийгдсэн,  эд нар бага булганых учраас бүүр гоё байна аа, амлаж байна" гэж бөхөлзөн зогсоно.

Амгалан түүнд булган малгай захиалсан мөнгийг өгөөд үг дуугүй эргэж явлаа.

Animated Movie GIFs

Саяын харсан зүйлдээ нэг л итгэж чадахгүй сав шимийн ертөнцөд ийм их нүгэл бас байдаг аа гэж бодон хурдан хурдан алхсаар өрөөндөө ирлээ. Зүрх рүү нь часхийтэл хатгаад нэг л хачин совин төрсөн тул гэнэтхэн Минжиндээ учиргүй ихээр санаа зовж наймаагаа ч авалгүй даруйхан буцлаа.

            Эмнэлэгийн орон дээр Минжин ухаан орлоо. Хэдэн цаг угаалгын өрөөндөө хэвтсэн юм бүү мэд.

Ямар ч байсан хөршийнх нь эмэгтэй түүний хажууд дугжран суугааг харвал тэр л эмнэлэгт авчирсан бололтой.

Толгой нь их хөндүүр байх бөгөөд толгойгоо арайхийн эргүүлвэл цагаан пансан хөшигний завсраар нарны хурц туяа гялбаж байлаа.

Гаднаас Амгалан гүйн орж ирээд Минжингээ ухаан орсон байгаад баярлан өмнө нь очиж гарыг нь атгалаа.

Минжин "чи сайн явж ирсэн үү, би чамайг одоо надад малгай хэрэггүй, хавар болж байгаа болохоор дараа жил авахуулья гэж хэлэх гээд залгасан чинь утас чинь болохгүй байсан, яасан юм" гэж тунирхангуй асуув.

Амгалан эхнэрийнхээ гэмгүй бор нүдэн дээр ээлжлэн үнсээд "миний хань их ядарч дээ, энэ эгч чамайг олоход чиний хамраас цус гарсан байсан гэнэ, чи минь дусал залгуулаад хүлээж байгаарай, би эргэж ирээд чамайгаа гаргаж авна" гээд гарч гүйлээ.

Гэртээ ортол үүдэнд өлгөөтэй байгаа булган шуба хамгийн түрүүнд нүдэнд нь тусахад өнөөхийг шүүрэн авч цаасан уутанд хийв. Гэрээ нэгжих шахан хайсаар  шүдэнз олж халаасандаа хийгээд   гадаа гарлаа.

Энийг анх эхнэртээ авч ирж өгөхөд тэр минь хичнээн их баярлалаа даа. "...амьдралдаа анх удаа булга өмсөж байна, бас миний ордны ээлтэй чулууг яаж мэдэж чимэглэв ээ" гээд л. Нүд нь гялалзаж урт шуба өмсөн толины өмнө дахин дахин эргэлдээд л, түүний өндөр гоолиг биенд хичнээн сайхан зохьсон билээ.

Гэтэл тэр минь амьтаны тарчлаан, нүгэл хилэнцээр бүрдсэн хараалтай хувцас өмсснөө мэдээгүй баярлаж хөөрөөд л явж байсан байна. Энэ хүмүүс юунд амьтаны амь өмсөж түүгээрээ бие биендээ гайхуулан зиндаархаж амьдардаг юм бол оо гэж өөртэйгээ ярин алхах зуур өнөөх үзсэн аймшигт зүүд шиг явдал санаанд нь орж нэг л аягүй болгоно.

Гэрээс нь холгүй байх хог хаядаг машины төмөр чиргүүл дээр очиж өнөөх ууттайгаа тавиад гартаа барьж ирсэн шингэнээ асгаж төдөлгүй шүдэнз зурахад хиншүү хярвас ханхалж амьдаараа тамлуулан тарчилж байгаад амь тавьсан амьтаны сүнс тэнгэрт очиж бурхантай зарга мэдүүлэх нь гэмээр  бөөн хар утаа дээш олгойдов.

2012-07-26

Мариахамн

Б.Болормаа

Улаан навч

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

Амьдралын модны мөчирт

Дарцаглаж ургасан том улаан навч би

Аньсаган дотроос  нулимс хөлөглөж

Зүрхэн зүг хөвдөг том улаан нар минь

Амьдрал ийм богинохон байхад

Чам руу тэмүүлэх хүсэл минь ямар холыг туулна вэ

Навчны нас ийм богинохон байхад

Амжиж надаас ядаж гунигийн тухай асуугаач...

Б.Болормаа

2012-09-29 Стокгольм хот.


Газар дуншин өвдөж яргуй тийчлэн ургах хаврын

Гадсан өсгийт, цагаан инээдэт минь

Чиний алхаж одсон мөрөөр газрын зулай шархалсан болов уу

Чиний инээд урссан ормоор миний зүрх тэсгэлгүй хорсоно...

Хадганд боолттой багын минь сэвлэг шиг

Хаврын ногоо нялх үнэртэй ургадаг юм

2012-05-17

Стокгольм хот.

Болороо эгчдээ баярлалаа, би тандаа хайртай

2012 оны 10-р сарын 12 Нийтэлсэн Болормаа

Сайн байцгаана уу... Ойрдоо блогтоо онцын сонин содон зүйл нэмсэнгүй. Ганц хоёр дэл сулхан юм л төдий орууллаа. Байнга блогоор минь зочилдог найзууд маань "нэг бол чи их залхуу болж байна, эсвэл чи завгүй юм бичээд улам хөдөлмөрч болж байна" гэцгээж байна. Яг үнэндээ бол залхуу, завгүй хоёрын дунд л байна. Өнөөдөр сониноос монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуай Шведэд ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа уулзалт хийсэн. Би хараахан очиж амжаагүй ч юун тухай хэрхэн ярилцсаныг хүмүүсийн амнаас болон мэдээллийн сайтуудаас олоод уншчихсан.

Стокгольм хотод шар ,улаан, нэг тал нь улбар өнгө өнгийн навчис ногоон зүлэг цэрдмал зам дээр хөглөрөн унаад л савхин хүрэм нэвт жиндүүлсэн сэрүүхэн намар болж байна. Эндхийн навч нь шарласан мөртлөө өвөлжингөө зүлэг нь ногоон байдаг сонин шүү. Эх орон, эх нутаг, ээжий аав, эмээ дүү нар, эгч ах, найз нөхөдөө мөн ч их санаж байна. даа. Хүмүүсийг санах нь зүйн хэрэг. Гэтэл номын дэлгүүр, орж суудаг байсан кафе, сургуулиасаа гараад алхдаг байсан Сансарын түнелийн урт зам, сургуулынхаа гуанзны мантуун бууз / бас "Боргио" гээд халуураад явчихгүй юу/ гээд бас бус юмыг мөн их санах юм даа.

Ирээд нэг жил нэг сар болж байна. Намар хавар хоёрт нэг л хачин гэгэлзээд сэтгэл санаа гэдэг чинь уулын салхи шиг давалгаалаад байдаг, шүлэг ч их бичдэг.

Ойрдоо ч их бичиж байна даа.

Бичсэнээ нийтэлсэнгүй гэж уншигчид маань бүү гомдоорой. Удахгүй яруу найргийн болон өгүүллэгийн ном маань гарах болохоор шинэ бүтээлүүдээ хэрэндээ нууцалж "сүүрприйз" бэлдэж байгаа минь энэ. Бүгдийг нь нийтэлчихвэл миний номыг унших хүн олдохгүй биз дээ. Нэг ийм менежмент явагдаад нийтлэхгүй байгаа билээ. Гэхдээ бас яаж зүгээр байхав таван өгүүллэг бичвэл нэгийг нь арван шүлэг бичвэл гурвыг нь нийтэлнэ ээ.

Олон шүлэг бичих гэж мэрийхгүй ч бичихгүй байя гэлээ ч олоод удсан санаа дотроос хатгаад нэг л мэдэхэд огло харайгаад босчихсон өнөөх муу үйлтэй нөтбүүкээ балбаад сууж байна даа. Энэ нөтбүүк хөөрхий аваад хагас жил ч болоогүй "нялх" юм шүү дээ. Зогсоо зайгүй шахуу балбаад унахаар өвддөг л байх даа.

Нээрээ сониноос нэг ийм сонин зураг зохиолч Х.Болор-Эрдэнэ эгч минь фэйсдээ "охидууд зургаа аваарай" гээд нийтэлчихэж.

Хэзээ яаж хавахуулснаа санахгүй байтал Удвал ахайтны нэрэмжит тоглолтын үеэр бид хэд энэ өдөр СТӨ-ний тайзан дээр шүлгээ уншиж нэг оройг хамтдаа сайхан өнгөрүүлсэн юм билээ шүү.

Болороо эгчдээ маш их баярлалаа. Үе үе гайхширтал сайхан бичиж, нулимс унатал сайхан үг хэлдэг, урмын үгээр тэтгэж өөдрөг сайхнаар инээмсэглэж явдаг Болороо эгчдээ хайртай би.

Баруун гар талаас Удвал ахайтны нутгийн найрагч охин/нэрийг нь санахгүй байна/, яруу найрагч Д.Отгонцагаан эгч, Б.Болорцэрэн эгч, Ш.Лхамноржмаа эгч  тэгээд миний бие миний дотны найз яруу найрагч А.Мөнхчимэг

Гол дүрд нь "тогдгор" хэмээх Т.Галсантогтох гуай.

Зуун жилийн дараа, зуун жил байтугай тавин жилийн дараа та чи бид бүгдээрээ энэ хорвоо дээр  байх нь үгүй,  ууж байсан ундааныхаа савнаас богинохон насладаг, гэнэт асгарсан бороо шиг, борооны дараа татсан солонго шиг, гэнэт буусан үер шиг, үерт үрэгдсэн цэцэгс шиг энэ амьдралд бие биендээ сайхан үг хэлж, чин сэтгэлээсээ хайрлаж явах л хамгийн том утга учир билээ.

2012-10-11

Дэлхийн зүрх / шинэ өгүүллэг/

2012 оны 07-р сарын 02 Нийтэлсэн Болормаа

"Хоёр зуун жилийн өмнө маш хүчтэй дэлбэрч байсан  энэ галт уул одоо ч гэсэн асаж байгаа. Гэхдээ дэлбэрэх хэмжээнд хараахан хүрээгүй , дэлбэрэлт болох давтамж нь болоогүй гэсэн судлаачдын дүгнэлт гарсан... " гэж хөтөч залуу, хоёр хөршийн гэр бүлд тайлбарлан галт уулын бүлээн чулуудыг гишгэлэн явах зуур бяцхан хүү уулын тогооны ирмэг дээр ирээд аль хэдийнээ тонгойн сууж байлаа.

Саяхан л гараас нь хөтлөгдөн зогсоо зайгүй "яагаад" гэсэн асуултаар булж явсан хүүхдээ  чимээгүй болчихсоныг гэнэт  үгүйлсэн бүсгүй сандран "хүү минь, хүү минь"  гэж уйлагнан дуудахад хүүгийн аав ч "миний хүү миний хүү" гэж цуурайтуулан хашгирав.

Хамт явсан хөршийн эхнэр нөхөр хоёр ч мөн гайхан ёстой л нэрэндээ таарсан "дэггүй тархи" юм аа хааччихдаг байна гэсээр хүүгийн аав ээжийн араас гүйлдэцгээлээ.

Ээж нь айснаасаа болоод нуруу лүү хүчтэй цохичихсонд биш галт уулын тогоонд уур савсан харагдах нууранд тоглуулсангүй гэж хүү гоморхон хошуугаа унжуулан явна.

Хүний хүсэл сонирхол гэж үл баригдах эцэс төгсгөлгүй нэгэн зүйл аж.  Галт уулын халуун нурман дээр шарсан мах  амтархан зажилах хөршийн бүсгүйг хүүгийн ээж хараад   хүмүүс  яагаад ийм хачин зүйлд дурладгийг нь ойлгож ядан, усны жараахай шиг хурдан хөдөлгөөнтэй сахилгагүй хүүгээ алдчихгүй гэж гараас нь чанга зууран сууна.

Хүүгийн гар ээжийнхээ алганд атгуулсаар байгаад бүр хөлөрчихсөн бушуухан гарыг нь тавиулаад халаасандаа байгаа жижигхэн зүйлийг  гаргаж харахсан гэхээс тэсэж  ядахдаа уйлагнан зүтгэнэ.

Шүүрхий мах завьжнаасаа гоожуулан идэх хөршийн хоёр нь  сая нэг юм ээлжит этгээд зугаанаасаа салж гэрийн зүгт тавуулаа урт машиныхаа дээврийг  задлаад шулуун засмал замаар салхи татуулан давхилаа.

Мөнөөх дэггүй хүүгийн ээж хөршийн эхнэр болох  тэр махлаг шар хүүхэнтэй багаасаа найзласан ч одоо ингэж өөрчилөгдсөнд гайхаад барахгүй  саарал туяатай нарны шилнийхээ цаанаас хачирхалтайгаар харж санаа алдан явна.

Үргэлж нүдээрээ инээмсэглэн, сайн сайхан зүйл ярьж гунигласан хүмүүсийг тайтгаруулан явдаг цэцэг тарих дуртай, тарьсан цэцэг нь ч сайхан ургадаг наран зүгээс ирж явааг нь харахад нарны гэрлийг биедээ шингээгээд тээж явна гэмээр гэрэлтэй охин байсансан.

"Өнөөдөр хамтдаа сайхан  байлаа" гэж хөршүүд нүүрэндээ хуурамчхан инээмсэглэл тодруулан гараа найрсагаар даллаад гэр гэртээ орцгоолоо.

Эхнэр нь замын турш дуугүй явсан тул нөхөр нь" Миний хань ядарчихсан юм уу, өлсөхөөрөө уурладаг болохоор чинь чамайгаа цадахаар гоё юм ярина аа"  гэж тэвэрч үнсээд сахилгагүй хүүгээ толгойг нь доош харуулан орилуулан тоглосоор  өрөө лүүгээ орлоо.

2

Эхнэр нь загасны мах шарж хавь ойроор нэг сайхан үнэр ханхлуулан нөхөр нь "дэггүй тархи"-тайгаа үймүүлэн тоглох хөршөө хараад мөнөөх махлаг бүсгүйн нөхөр цонхоороо атаархангуйгаар санаа алдан унтаж байгаа хүүгийнхээ өрөө лүү оров.

Хэдхэн жилийн дотор эхнэр нь ингэж ийх өөрчлөгдсөнд гайхаад барахгүй байлаа. Анх айлын хажуу өрөөнд нэг нэг чемодонтай, тэр чемодан нь дүүрэхгүй хувцастай  тэгээд хаа явсан ч хэлхээтэй юм шиг хамт явах залуухан хоёр орж байсан.

Ариун цэврийн өрөөнд хүртэл хамт орохоороо яадаг байна аа гэж суулгаж байсан айлынх нь эхнэр хорсолтойгоор орилдогсон.

Amazing Girl Animations (22 gifs)

Загвар өмсөгч болно гэж хүсэж мөрөөддөг эхнэрийнхээ хүслийг бодож тэр бүхнийг хийсэн. Гэтэл энэ эдлэн газарт нүүж ирснээс хойш өдөр бүр дасгал хийж, хүзүүгээ хүртэл үрчийлгэхгүй гэж намхан дэртэй унтдаг үзэсгэлэнтэй ухаалаг хөөрхөн эхнэр нь гэрээсээ гардаггүй, хоол хийж гэрээ ч цэвэрлэдэггүй, юу дайралдсанаа иддэг бүдүүн шар авгай болж хувирсан. Гэрийн үйлчилэгчээ зогсоо зайгүй загнаж, байнга хараал урсган өрөөн дотуур түнтэгнэн алхаж, хүүхдээ дуу чимээ гаргахыг ч хориглож, тэгж байснаа гоёлынхоо өрөөнд ороод хэдэн цагаар ч хамаагүй муураа тэврэн өнөөх зандан модоор хийсэн гоёмсог хүрээтэй толь руу ширтэн суудаг болсон ч түүндээ хайртай хэвээрээ.

b316

3

Дэггүй тархи аав ээжийгээ унтсан хойно босож ширээнийхээ гэрлийг асаагаад мөнөөх өдөр  олсон сонин зүйлээ гаргаж ирэв.

Зүрхэн хэлбэртэй жижигхэн улаан  хүрэн чулуу. Хүү аав ээж хөршүүдээ хөтөчийн ярианд амаа ангайлган явах зуур уур савсаж байгаа галт уулын тогоон дахь нуур луу ойртож очсон юм.

Гэтэл нэг бяцхан улаан чулуу наранд гялтагнан гоё харагдахаар нь гүйн очиж автал зүрхэн хэлбэртэй тэр чулуу халуун байсан. Хав халуун чулууг алган дээрээ ээлжлэн барьсаар ээж аав хоёрынхоо орилсоор ирж явааг хараад халаасалж орхисон. Нимгэн даавуун өмдний цаанаас хөлийг нь нэвт хайрч байсан хав халуун чулууны ормоор хүүгийн гуян дээр хэсэг арьс зүрхэн хэлбэртэй улайсаж түлэгджээ.

Хүү гарандаа өргөс  оруулаад уйлдаг ч энэ удаа хөлөө түлэгдснийг аав ээждээ огт хэлэхгүй байхаар шийджээ.

Тэр шөнө хүүгийн нойр хүрсэнгүй.

Маргааш бушуухан л болоосой, хөршийнхөө их зантай  дуугүй ч гэсэн олон зүйл мэддэг том жаалд өнөөх чулуугаа үзүүлж юу гэдгийг нь мэдэхсэн гэж хүслээ.

4

"Дэлхийн зүрх" одоо хөршийн том жаалын өрөөнд байна.

Хүү өглөө үүрээр босоод тэр айлыг сэрэхийг хүлээн үүдэнд нь суусаар том жаалд чулуугаа үзүүлжээ.

Том жаал чулууг алган дээр эвтэйхэн тавиад наранд гялалзан харагдах гоёмсог тэр чулууг галт уулын тогооноос олсон болохоор "Дэлхийн зүрх" гэж нэрлэе гэжээ.

Том жаал  хүүгээс "дэлхийн зүрх"-ийг нь аавынхаа авч өгсөн том дурангаар сольё гэхэд хүү зөвшөөрчээ.

Тэгээд өнөөх чулуугаа аавдаа үзүүлтэл аав нь хүүгийнхээ гараас чулууг булаах шахан авч "хоёулаа ээжийг чинь баярлуулах уу" гээд чихэнд нь ямар нэгэн зүйлийг ихэд чухал царай гарган аминчлан ярив.

Үргэлж харааж загнаж, хаа ч явсан хашгирч байдаг ээжийнх нь царайд инээмсэглэл тодорно, тэгээд аав бид хоёрыг ээлжилэн тэвэрнэ гэж бодохдоо хүү хязгааргүй ихээр  баярлаж аавынхаа хэлснийг дуртайяа зөвшөөрөн толгой дохьлоо.

Ингэж нэг өдөр аав хүү хоёрын бяцхан нууц задарч ээж нь төрсөн өдрөөрөө галт уулын зүрхэн хэлбэртэй чулууг нямбай суулгасан цул алтан бөгжтэй болов.

Amazing Girl Animations (22 gifs)

Ээжийнх нь нүд хурцаар гэрэлтэн нөхрийнхөө хуруунд нь зүүлгэж өгсөн бөгжийг гараа ойртуулж нэг холдуулж нэг хараад час улаанаар будсан уруулдаа үл мэдэг инээмсэглэл тодруулан хүйтнээр "баярлалаа" гэхэд баярласандаа тэврээд үнсэнэ дээ гэж  хүлээж догдолж суусан том жаал аавтайгаа хоёулаа муухан инээмсэглэн бие бие рүүгээ харан суулаа.

5

Өглөө эрт хөршийн нөхөр том жаалтайгаа хамт хаалга нүдэв. Дэггүй тархийн аав нойрмоглон эвшээсээр очиж хаалга тайлж өгөхөд тэжээмэл муур нь алга болчихсон байна, танайд орж уу, хараад өгөөч гэж гуйлаа.

Өнгөрсөн шөнө манай хүүгийн өрөөнд ороод хөнжилд нь хэвтэж байсан. Хүү маань муурнаас айдаг болохоор бид хоёр хүүгээ хажуудаа авч унтсан. Муурыг хөөж гаргах гэснээ танайх гэдгийг хүзүүнийх нь зүүлтээр таниад тэнд нь үлдээсэн. Одоо байгаа байх, та хоёр ор л доо гэв.

Муур байхгүй байлаа. Хүүгийн өрөөний том цонхны нээлттэй салхивчаар л орж ирээд тэгээд тэрүүгээрээ эргээд гарсан бололтой.

Том жаалын  аав хүүтэйгээ хоёулаа тэднийд өглөөний цай уух зуураа өнөөх түүхт галт уул ойрдоо улам ихээр нүргэлэн дуугарч үе үе бага хэмжээний үнс нурам цацарч байгаа тул хэзээ мөдгүй дэлбэрэрэх магадлал өндөр байна, энэ хавийн эдлэн газартай айлуудыг нүүлгэн шилжүүлнэ гэсэн мэдээг ч хэллээ.

Хэдэн цагаар ч хамаагүй эрхлүүлэн суудаг муураа алга болсонд том жаалын ээж учиргүй багтран уурлаж , хөршийнх лүүгээ ороод алга болчихлоо гэж цонхоор толгойгоо гарган нөхөр хүү хоёроо орилон дуудав.

"Орой манай муур ирвэл биднийг дуудаарай" гээд тэр хоёр гарч явлаа.

6

Хар муур одоо хуучин амьдардаг байсан байшингийнхаа дээврээр  сэм орж ирээд хуучин эзнийх нь ажлын ширээ байсан том хүрэн ширээн дээр хөлөө тавиад дугуйтай сандлаа налан бодол болон хэвтээ хижээл эрийг хорсолтойгоор харж байна.

Учир нь түүнийг жижигхэн зулзага байхад нэг бороотой өдөр гудамжны булангаас анх олж цувныхаа дотор энгэрийн халаасанд хийж ирээд асарссан тэр айлын охин одоо байхгүй болсон.

Баян эзний ганц охин хүүхдүүдтэй найзлан тоглохоос илүү мууртайгаа хөөцөлдөж, нуугдаж өдрийг өнгөрөөдөг, шөнө болгон өвөртөлж унтдагсан.

Amazing Girl Animations (22 gifs)

Усанд орохдоо дэлхийн орон орноос авч ирсэн үнэ цэнэтэй бөгж зүүлтээ муурныхаа сүүлэнд өлгөөд сарнай цэцэг хөвсөн вананд өдөржингөө хэвтэнэ.

Энэ зуур муур түүний сүүлэнд өлгөөтэй зүүлт бөгжнүүдийг унагаахгүй тулд сүүлээ дээш болгон гүйсээр том толины өмнө ирж өөрийгөө харна.

Муурын тольддог байсан охины өрөөний том толь одоогийн эзнийх нь гэрт яагаад байгааг муур мэдэхгүй.

Ямар ч байсан дөрвөн хөлнөөс цус шүүрээд хатсан үхлүүт амьтан шинэ эзнийдээ очихдоо л тэр толыг таньсан. Толин дотроос мөн л цагаасаа эрт одсон охины ээж хараад гараараа даллаж байсан.

Amazing Girl Animations (22 gifs)

Муурны хорсолтой харах нүдэн дотор сандалаа үл мэдэг ганхуулан хэвтээ энэ хижээл эр бол чинээлэг эзний холын хамаатан.

Охин нь нэг өдөр вананы өрөөнд амиа хорлосон байдалтай нас барахад нас өндөр болсон өөр төрөл садангүй  энэ баян өвгөн хөрөнгөө надад өвлүүлнэ дээ гэж баясан бодож байсан хижээл эрийн горьдлого талаар болж тэр их өв хөрөнгө өвгөнийг өөд болоход гэрээслэл ёсоор мууранд өвлөгдөн үлджээ.

Хижээл эр үүнд уурлахын ихээр уурлаж зарга үүсгэн хамаатан садан гэсэн  нотлох бичиг баримт бүрдүүлж өгөн хөрөнгийг өөрийн болгоод зогсохгүй муурыг тамлахын муухайгаар тамлаж усанд хаяжээ.

Pic 22

Дөрвөн хөлийг нь хавтгай модон дээр хадсан , гэдэс нь гол болтлоо нарийсч турсан хар муур усан  дээр банзтайгаа хөвж явахад аав ээжтэйгээ зугаалгаар явж байсан том жаал олж авчээ.

Муур хижээл эрийн улаан хоолойд хумсаа шигтгэж хүзүүгээ даган урсах цусыг нь амтална гэж хорсолтойгоор гэтэж байсан боловч алсад нүргэлэх чимээ гарахад яагаад ч юм бэ энэ удаа түүнийг орхиж дээврийн нүхээр яаран гарч одов.

Төгсгөл

Муураа эргэж ирсэнд үглэж уурлах нь багассан том жаалын ээж шинэ зочиндоо хол ойрын сонин хачиныг ярих зуураа  хамгийн сүүлд авсан содон бэлэг болох өнөөх галт уулын зүрхэн чулуун бөгжөө харуулахаар гоёлын өрөө рүүгээ  орлоо.

Хачирхалтай нь түүний бөгж толины өмнө байсангүй, түрүүн орон дээр цагираглаад унтаж байсан муур ч алга.

"...Хаалга хэн нэгэн хүчтэй балбана. Очиж шагайвчаар харлаа, хэн ч алга...

Эргээд хартал хар муур түүн рүү шүдээ ярзайлган гэтэж байв. Түүнийг таниж тэр мөчид ямар их гэм нүгэл хийнээ ухааран уйлан байж өршөөл гуйлаа ч муур дөхсөөр байлаа, тэр муурын нүд түүний гарт амиа алдсан өнөөх хамаатны охины нүд болж хувирав.

 Хоромхон зуурын дотор муур биеэ эвхэж байгаа үсэрлээ.  Түүний гүрээнд аль хэдийнээ хаджээ..." Ингэж зүүдэлсээр хижээл эр цочин сэрээд хашгирах гэтэл түүний зүүд биелэлээ олж дуугарч ч  чадалгүй амьсгал хураав.

"...Галт уулын идэвхжэлт саармагжиж өчигдрөөс эхлэн үнс нурам цацрахаа больсон  бөгөөд энэ нь дэлбэрэлтийн шинж тэмдэг биш хараахан унтраагүй байгаа галт уулын энгийн үйлдэл юм... " гэж зурагтаар нэвтрүүлэгч хүүхэн мэдээ уншина.

Зурагтын удирдлага барин суугаа нөхрөө хараад улам ихээр уурлаж хашгичин үнэт бөгж нь хаачсан тухай асуух том жаалын ээж байн байн орж гаран тогтож сууж чадахгүй байна.

Гэнэт  муур нь гүйн орж ирээд хажуугаар  шурдхийн өнгөрч шатаар дээш хурдлав.

Энэ удаа том жаалын аав шигдэж суусан буйдангаасаа толгойгоо өндийлгөн харлаа.

Энэ маань яачихаа вэ гэсээр тэднийг гоёлын өрөөнд ороход бүх юм ундуй сундуй болсон болчихсон өнөөх чамин хүрээтэй том толь хагаран унажээ, өмнө нь байсан шүр сувдан гоёлууд ч шалаар нэг цацарсан харагдана...

Бүсгүй гүйн очиж хагархайнууд дунд сөхрөн суугаад "хайран толь, хайран толь" гэж шогширон, "энэ толь худалдаж аваад миний ядуу тарчиг амьдралд цэг тавигдсан, би юугаар ч дутдаггүй баян хадагтай болсон, одоо энэ толь ингээд хагарчихлаа, би одоо яах юм бэ, би толиндоо хайртай байсан" гээд хүүхэд шиг цурхиран уйлав.

Харин эхнэрийг нь ийм болтол  өөрчилсөн, өдөр бүрийн олон цагаа түүнийг ширтэж өнгөрөөдөг, түүний амьдарлаас итгэл, хайр сайхан бүхнийг нь булаасан  тэр муу ёрын хуучин толыг хагарсанд нөхөр нь баярлахын ихээр баярлаж  хагархайнуудыг нь инээмсэглэсээр түүж сууна.

Том жаалын аав хагархайнуудыг гаргаж хаяаад хамгийн сүүлд толины том хүрээг ойролцоох тавилга хаядаг хогийн өрөө рүү гулдран чирч явахдаа нэгэн зүйлийг анзаарчээ.

Толины гоёмсог модон хүрээг муур хурц хумсаараа маажаад сэт татсан байх бөгөөд ганц хоёр дусал цус ч наалджээ.

Хажуугаар нь гүйн ороод илбийн юм шиг алга болсон муураа хайн орилж яваа эхнэртээ энэ мэдсэн нууцыг хэзээ ч хэлэхгүй байхаар шийдэн очиж аргадахаар хурдан хурдан алхлаа.

Толины нэгэн хагархай дотор өнөөх муурын нүд амгалан тайвнаар аниастай байгааг, түүний сүүлэндээ өлгөж очоод галт уулын тогоонд хийсэн "Дэлхийн зүрх"-ийг сольж авсан дурангаараа дээвэр дээрээс дурандаж суусан хүүгээс өөр хэн ч мэдэхгүй.

Галт уул хилэгнэн булиглахаа болин  дэлхийн зүрх нэгэн хэмээр цээжиндээ цохилж байна.

 Маргааш өглөөны гэрэлт наран  хоёр хөршийн цонхоор  сэм шагалзахад хэдхэн жилийн өмнө хамтдаа нүүж ирсэн цэл залуухан хосууд урьдын адил баяр хөөртэйгээр,  саравчинд ширээ тойрон зургуулаа суугаад шарсан тахианы сайхан үнэр хавь ойрдоо ханхалуулан элдэвийг хүүрнэн инээлдэх болно.

2012-06-27

Стокгольм хот, Хогдален

Б.Болормаа

Уншигчиддаа илгээх захидал

2012 оны 06-р сарын 26 Нийтэлсэн Болормаа

Сайн байцгаана уу, миний эрхэм уншигчид минь ээ..

Сайхан зусаж байна уу, Улаанбаатрын зун сайхан болж байна уу.

Бороо зогсолтгүй орсоор л. Стокгольмын зун уйлж байгаа тунимхай охин шиг байна. Бороо орохоор сэтгэл нэг тавгүй, гэрээсээ ч гармааргүй...


Удахгүй уншигч  та бүхэндээ "Дэлхийн зүрх " нэртэй цоо шинэхэн өгүүллэгээ хүргэх болно оо . Яруу найргийн номоо өгүүллэгийн номтойгоо хамтад нь гаргах бодолтой байна. Сүүлийн хэдэн сар нэлээд хэдэн өгүүллэгээ дуусгалаа. Би бичих санаагаа хүлхээд л яваад байдаг, тэгж тэгж нэг өдөр сууж бичдэг. "Цэцгэнд төөрсөн эрвээхэй", "Хайр буруугүй", "Нутгаа санаад уйлдаг" сэтгэл олон сайхан дууны шүлгийг бичсэн Н.Пүрэв хмэээх уран бүтээлч ах маань дан ээжийн тухай дуугаараа СД гаргах гэж байгаа бөгөөд түүндээ яруу найрагч Ц.Хулан, Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг, Ш.Лхамноржмаа эгч нарын болон миний шүлгийг өөрийнх нь дуу хоолойгоор уншуулан оруулж байгаа билээ. Бас "Хайрын цэнхэр нулимс" дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Бат-Өлзий ах маань миний "Ханьдаа" хэмээх шүлгийг амилуулж дуучин Мөнхтөр дуулснаар үзэгчдийн хүртээл болно. Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл нэг иймэрхүү байна даа, Ш.Дулмаа багшынхаа захиасаар хичнээн үргэлжилсэн үг рүү урвасан ч шүлгээ бичсээр байгаа. "Хүнийг хайрлахад мөнгө хэрэггүй" нэртэй анхны жүжгийн зохиол  минь гараас гарсан. Мөн "Хэнд ч би ээжийг нь орлож чадахгүй" нэртэй жүжгийн зохиол одоо бас бэлэн болоод байна. Хичээл сургууль бүх зүйл амарч миний бие богино цагаар ажил хийж, урт цагаар бичиж байна даа.

"Аавын охиноос бурханд бичсэн захидал" нэртэй өгүүллэг маань Гоолингоо.мн,  Залуу.ком гэх мэт олон сайт блог дээр тавигджээ. Мөн "Хоёр үндэстэй цэцэг", "Бүлээн зөн", "Эхийн хайр" гэх мэт сүүлийн үеийн өгүүллэгүүд маань ч сайтууд дээр нийтлэгдсэн байна. Хүмүүсийн бичсэн сэтгэгдлүүдийг уншаад урам орж улам сайн чамбай бичихийг хичээх болсон.

Мөн миний сүлийн үеийн уран бүтээлийг монголын яруу найргийн сайт болох Бийрбэх. мн-ээс уншиж болно. Блогтоо ч нийтэлсээр байх болно.

Одоогоор хоёр найруулагчаас өгүүллэгийг минь кино зохиол болгох санал ирээд байгаа.

Мөн Ц.Бавуудорж, Г.Мэнд-Ооёо зэрэг монголын төдийгүй дэлхийн алдартай яруу найрагчдынхаа  шүлгийг швед хэл рүү орчуулахыг хичээж байна. Их зохиолч Д.Нацагдоржын "Миний нутаг" шүлгийг швед хэл рүү хөрвүүлсэн байгаа.

Өдөр тутмын сонин хачин, зарим нэг сонин содон бичлэгийг та бүхэн хажуугийн хананд байгаа "өмнөх өрөө лүү эргэж орох" гэсэн дээр дарж миний "Мелоди" буюу Аялгуу  блогоос хүлээн авч болно.

Хүндэтгэсэн Б.Болормаа